Өнгөрсөн онд Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төслийг бүрэн хэрэгжүүлж, удирдлагын төв, хөдөлгөөнт удирдлагын автомашин болон 5 ФМ радио, 3 телевиз, 60 дуут цамхаг, орон нутагт газар хөдлөлтийн чичирхийлэлийг мэдрэх, мэдээллийг дамжуулах станцууд бүхий сүлжээг ашиглалтад хүлээн авсан.

Уг систем нь иргэдэд үүрэн холбоо, телевиз, радио, ФМ, дуут дохио, мэдээллийн самбараар гамшгийн талаарх мэдээллийг 3-5 секундын дотор хүргэхээс гадна улс орны онц чухал обьектуудад аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэх дохиог хүргэх бөгөөд энэ системийг ашиглан гамшгийн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.

Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Хэнтий, Булган аймаг, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, аймаг, Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд-штабын дадлага сургуулийг зохион байгуулж нийт 4.082 хүн, 214 техник хэрэгсэл оролцсон байна.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг тогтмол арга хэмжээг болгон, жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт зохион байгуулдаг болсон бөгөөд сүүлийн 2 жилд 21 аймаг, нийслэл, 320 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 540.0 гаруй мянган хүн оролцжээ.

Нийслэлд хийгдэж буй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалтын үр дүнд үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, дахин төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлж, Хан-уул, Баянгол дүүрэгт 20 гаруй барилгыг дахин төлөвлөж гүйцэтгэгчийг сонгож байгаа аж.

Нийслэлд орон сууц, олон нийтийн зориулалттай 3000 гаруй барилга байгаагаас 328 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж, 856 барилгын байдалд дүгнэлт гарган паспортжуулж, мэдээллийн санд оруулсан байна.

 

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт:

2014 онд нийт 1126 газар хөдлөлт болсноос Эмээлтийн бүсэд-584

2015 онд эхний 18 хоногийн байдлаар нийт 163, үүнээс Эмээлтийн бүсэд 107 газар хөдөлсөн байна.

2015 оны хувьд хотоос хойш Гүнтийн даваа орчимд шинээр идэвхижилт ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар 35 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгджээ.