Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны анхны хурал боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий байнгын ажиллагаатай зөвлөл байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г баталсан. Мөн 2012 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 36 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд удирддаг.

Тус зөвлөлийн 2015 оны анхны хурлаар, байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, ажлын албыг байгууллаа. Байнгын ажиллагаатай зөвлөлийн Ажлын алба нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар байх юм.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд 2014 онд орсон өөрчлөлттэй холбогдуулан Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Байнгын ажиллагаатай зөвлөлийн орлогч даргаар, гишүүдээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Эрүүл мэнд, спортын дэд сайд, Уул уурхайн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизик судалгааны төвийн захирал нар ажиллана.

Харин байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн даргаар Монгол Улсын Шадар сайдын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга нарыг ажиллуулахаар болсон. Мөн тус зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүдэд тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн.