С.Бямбацогт: Тавантолгойн 1072 хувьцааг амилуулах ёстой
2015/01/26
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тавантолгой ордын хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож, шинээр томилогдох Элчин сайдууд, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, нийслэл хот албан татвартай болох эсэх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой ордыг төрийн мэдэлд авах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг ажил хэрэг болгон амьдруулах, ард иргэдийн хүлээлтэд хариу өгөхөд анхаарч ажиллахыг бүлгийн гишүүд М.Энхсайхан сайдад зөвлөснийг бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.
Хоёр намын хамтран засаг байгуулсан гэрээнд заасны дагуу ард иргэддээ үр өгөөжтэй, ил тод, парламентын хяналтын дор, УИХ-ын одоо үйлчилж буй хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хүрээнд Тавантолгойн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж, УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэхүү хэлэлцээрийг хийхдээ эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулах, иргэд үр ашгаа хүртэх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих ёстой гэж үзэв. Мөн энэ чиглэлээр Ерөнхий сайдад албан бичиг илгээхээр болсон байна.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд Тавантолгой ордыг ард иргэддээ ил тод, үр ашигтай байдлаар шийдэх зарчмыг тусгасан. Энэ дагуу хэлэлцээрүүд хийгдэж байсан ч харамсалтай нь зогссон. Хамтарсан Засгийн газрын үед Хүний хөгжил сангаас ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь буюу 1.5 сая төгрөгийг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр олгоё гэж шийдсэн. Энэ хүрээнд иргэн бүрт Тавантолгой ордын 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Хүний хөгжил сангийн дэвтэрт энэ хувьцаа бичигдсэн боловч өнөөг хүртэл үхмэл хөрөнгө байдалтай байна. Иймд МАН-ын бүлэг эхний ээлжинд ард иргэддээ үр өгөөжтэй байх талаас нь асуудлыг ярья, хоёрдугаарт, үндэсний компаниудаа дэмжье, монголын төрд ямар өгөөжтэй байх вэ гэдэг талаас анхааръя гэдэгт санал нэгдсэн" гэв.
Харин МАН-ын бүлгийн хувьд эдийн засгийн хямралтай үед хотын татварыг бий болгох ёсгүй гэсэн байр суурьтай байна. Мөн шинээр томилогдох гэж байгаа найман Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар Гадаад харилцааны сайдтай санал солилцож тодорхой мэдээлэл авахаар болов.