Монгол улсын гурван сая дахь иргэн төржээ. Энэ баярт мэдээллийг өнөөдөр Ерөнхийлөгч 11 цагт албан ёсоор мэдээлнэ.  Үүнтэй холбоотойгоор яг одоо  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх ажлын хэсэг хуралдаж байна.  

Гурван сая дахь иргэн төрсөнтэй холбоотойгоор  орон нутагт нас чацуутанг нь тодруулаад эхэлсэн байна.  Бид энэ талаар дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.

 

Манай улс 1962 онд 1 сая иргэнтэй болсон бол 1988 онд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан. Үүнээс хойш 27 жилийн дараа 2015 оны нэгдүгээр сард 3 сая дахь иргэнээ хүлээн авлаа.

 

Ямартай ч гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистикийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгч ажилласан билээ. 

Мөн гурван сая дахь иргэндээ гурван өрөө байр, гурван сая төгрөгөөс гадна дагалдах бусад жижиг бэлэг сэлтүүдийг өгнө гэж мэдээлсэн юм. Мөн энэ өдөр төрсөн бүх хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулна. Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хот, хөдөөгийн хаана ч төрсөн хамаагүй урамшуулах аж.

А.Баярмаа