Монголын сэтгүүлчдийн эвлэлийг Б.Галаарид, М.Наранбаатар, Х.Батхишиг, С.Шаравдорж нар тэргүүлнэ
2015/01/30
Нийслэлийн иргэний танхимд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал өчигдөр орой боллоо. Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэхээр чуулсан. Мөн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдах бүрэлдэхүүнийг сонгосон байгаа.
Ингээд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчид Б.Галаарид, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, "Масс медиа" агентлагийн захирал Ч.Даваабаяр С.Шаравдорж, нэр дэвшсэн. Улмаар Б.Галааридаас бусад нь нэрээ татаж тэрбээр нэг хүнээс бусдынх нь саналыг авч Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.
Үүний дараагаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг сонгохоор болсон байгаа. Тэргүүн дэд Ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн захирал асан М. Наранбаатар, одоогийн МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нар өрсөлдсөн. Ингээд санал хураахад М.Наранбаатар 32 саналын илүүгээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч болсон юм.
Үүний дараагаар Дэд Ерөнхийлөгчийн төлөө МСЭ-ийн нарийн бичгийн дарга Х.Батхишиг, “Тв-5” телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа , "Масс медиа" агентлагийн захирал Ч.Даваабаяр нар өрсөлдөж Х.Батхишиг дийлэнх олонхийн саналыг авсан байгаа. Тодруулбал Х.Батхишиг санал өгсөн нийт хүний 80 хувийн саналыг авснаар МСЭ-ийн Дэд Ерөнхийлөгч болсон.
МСЭ нь хоёр дэд Ерөнхийлөгчтэй байдаг. Ингээд дараагийн дэд ерөнхийлөгчөөр С.Шаравдоржтой хамт хэд хэдэн хүн нэр бөгөөд тэд нэрээ татсанаар улиран сонгогдсон.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурлаар хэлэлцэгдсэн нэг асуудал нь МСЭ-ийг МСНЭ болгох тухай байлаа. Улмаар Монголын сэтгүүлчдийн эвлэл өмнөх нэрээ сэргээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэхээр боллоо.
Өнөөдрийн хуралдаанд 248 хүнд мандат тарааснаас 203 нь оролцож 184 хүн санал өгсөн. Хуралд оролцогчдын 130 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй сэтгүүлч байлаа. Энэ нь өмнөх их хурлуудыг бодвол эмэгтэйчүүдийн тоо өссөн үзүүлэлт юм. Энэ удаагийн их хуралд 21 аймгийн хэвлэл мэдээллийн 60 төлөөлөл, ахмад сэтгүүлчдийн 30 төлөөлөл ирсэн.
Дашрамд дуулгахад 16-р их хурал зохион байгуулалт сайтай болсон бөгөөд оролцогчдоос хамгийн өндөр настай нь Монцамэ агентлагт насаараа ажилласан 87 настай Г.Батчулуун гуай байсан юм.
А.Баярмаа