Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Зөвлөмж хүргүүллээ. Тус Зөвлөмжийг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байна.

Зөвлөмж хүргүүлэх тухай 

Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байгааг дахин сануулсан билээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 13 дугаар тогтоолдоо хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталжээ. Уг хуваарьт тусгасны дагуу төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, хангайн болон говийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тус тус зохион байгуулахаар болсон байна. 

Өвөл, хавар цагийн уралдаан буюу 11 сараас 6 сар хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулах эрсдэлтэй байдаг. Тодруулбал, энэ цаг үед зам харгуй хөлдүү, цас мөс, шавар шавхайтай байдаг учраас хүүхэд мориноос унах эрсдэл өндөр бөгөөд хүйтний улирал учраас хүүхдүүд гар, хацар, нүүрээ хөлдөөх явдал байнга гардаг.

Монголын морин спорт уяачдын холбооноос өвөл, хаврын улиралд хүүхдүүдийн зузаан хувцасны гадуур өмсөх хамгаалалтын хувцас, хэрэгсэл, малгайтай болсон гэсэн тайлбарыг Комисст ирүүлж байсан боловч хүрэлцээгүй байдаг байна. 

Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасан байдаг.

Гэтэл сар шинийн баяртай холбогдуулан уяачид олон бооцоот уралдаан зохион байгуулж, хаврын уралдааны бэлтгэл болох үсэргээ, сунгааны үеэр хүүхдээр хурдан морь унуулж, гэмтэл учруулсан харамсалтай тохиолдол цөөнгүй гарч байсан болно.

Мөн өнгөрсөн онуудад зохион байгуулсан улс, бүс, аймаг, сумын наадмаар хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг Комисс тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүднээс Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны тогтоолоос "төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хангайн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Дорноговь аймагт" товлосон хугацааг өөрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг ЗӨВЛӨМЖ болгож байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан хугацаанд Зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу мэдэгдэнэ үү. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ