Г.Занданшатар : Калла ба Монгол, Хүний эрхийг хөсөрдүүлсэн энэ хэрэг хэний шоглоом бэ?
2015/02/13
Монголд хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байгаа тухай, ялангуяа бизнес эрхэлж буй гадна, дотны хүмүүс үргэлжийн айдас түгшүүр дор байдаг талаар цахим ертөнцөөр шуугисаар байна.
Өнөөдөр Монгол улс гадны хөрөнгө оруулагчдын хувьд жинхэнэ хар дарсан зүүд болон хувирсан гэлтэй. Учир нь манай улсад хэн нэгний буруутай, буруугүйг үл ухан санаатайгаар дуулиан шуугиан болгож, ялангуяа улс төр, бизнесийн салбарынхны үсийг нь цайтал үйлийг нь үздэг явдал нэгэнт гайхаад байх явдал биш болжээ. Нэр хугарахаар яс хугар гэдэг Монгол сайхан уламжлал ч бүр мартагдаж. Үнэндээ хүний нэр төрийг сэвтээсэн, гутаан доромжилсон хэрэг явдлууд 2005 оноос хойш энэ нийгэмд газар аваад байгаа юм. Гэвч хууль дүрмийнхээ дагуу бус барин тавин бусармаг шийддэг тогтолцоо зөвхөн Монголын нийгмийг булингартуулаад зогссонгүй, улам бүр гадагш хүрээгээ тэлж байгаа нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд ихээхэн саад тотгор болж буйг эрх баригчид, шүүн таслах онцгой эрхтүүд ухаарах нь бүү хэл улам бүр дэвэргээд байгаа нь харуусалтай.
Үүний нэг тод жишээ бол одоо олон улсын төвшинд шуугиан дэгдээгээд байгаа “Саусгоби Ресурс”-ийн удирдлагуудад оноосон хэрэг юм. Мэдээж тэд татвар нуун дарагдуулсан бол Монгол улсын хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү энэ хэрэг явдлын цаана ямар учир шалтгаан байгаа нь дэндүү бүрхэг болохоор хэн бүхнийг эргэлзэхэд хүргээд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан “Саусгоби Ресурс” компанийн гурван ажилтанд удаан хугацаагаар хорих ял оноосон хэргийг Эрүүгийн хэргээр шийдвэрлэсэн нь гадаад дотоодын олон хүмүүсийг эмзэглүүлж байгаа юм. Тиймээс ч энэ хэргийг гадаадын шинжээчид, ялангуяа АНУ-ын элчин сайдын яам хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзсэн ба уг асуудал АНУ-ын хэвлэл мэдээлэлээр шуугиан дэгдээж байна. Эл хэрэг явдлын талаар Фортун.com-д "Баялгийн хараалаас болж эдийн засгийн ирээдүй нь бүүдгэр байгаа шинэ залуу ардчилсан энэ улсын шүүхийн үйл явц, шүүх хуралдааны олон зөрчлүүд нь өөрийн эрхгүй айдас хүйдэс төрүүлэх болжээ." гэсэн бол “Татвартай холбогдсон хэргийг эрүүгийн хэрэг болгосон нь монголын нэр төрийг ихээхэн харлуулах, гадаадын хөрөнгө оруулагчид, компанийн удирдлагууд Монголд баримт бичгэнд гарын үсгээ зурахаас айж эмээх байдалд хүрч байна” гэж Forbess, Блюмберг Бизнес* бичжээ. Монголын шүүхийн шийдвэр уул уурхай эрхлэгчдийн нуруугаар хүйт оргиулав гэсэн гарчигтайгаар Mining.com томоохон мэдээлэл хийв. “Саусгоби” компаний татвартай холбогдсон шүүхийн шийдвэр хэвээрээ үлдвэл дампуурлаа зарлахад хүрнэ гэж мэдэгдсэнийг мөн онцлов.
Энэ бол Монголд ажиллаж амьдарч байсан Америкийн иргэн Жастин Калла болон Филиппийн улсын иргэн Хиларион Кажуком Жуниор, Кристобал Дэвид нарыг ялласан хэргийн тухай Америкийн хэвлэлүүдэд гарсан олон нийтлэлийн багахан хэсэг юм.
Дэлхий даяар тархаж буй эдгээр баримт мэдээллүүдийг цухас сөхөн харвал: “Саусгоби” гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг татвар нуун дарагдуулсан хэргээр хорих ял оноожээ. Уг нь хуулиараа Татварын байгууллага холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, прокурор цагдаагаар шалгуулах ёстой. Гэтэл сангийн яам дур мэдэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч үнэн эсэхийг шинжлэн шалгаад дүгнэлт гаргадаг ёстой байтал шинжээчид нэмэлт шалгалт, шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргажээ. Харин “Саусгоби” компани нь гадаадын хөрөнгө оруулагч болохоор олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь авч хэлэлцсэнгүй. Үүгээр зогсохгүй прокурор шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө тэдэнд торгуулийн ял тулгасан боловч маргааш нь торгох ял дээрээ нэмж хорьж шийтгэх ял шууд уншсан байна. Хамгийн анхаарал татахуйц асуудал бол иргэний хэрэг бус эрүүгийн хэрэг гэж үзсэн шүүх хуралд татварын албаныхан оролцоогүй бөгөөд нотолгоо хангалтгүй гэж үзэн шүүхээс хэргийг мөрдөн байцаагчдад хоёр удаа буцааж байсан байна.
Уг нь Калла нь “Саусгоби” уул уурхай компанийн татварын асуудал бүхий 5 жилийн хугацааны зөвхөн 6 сард нь л тус байгууллагын удирдах албан тушаалд ажилласан байв. Чухам ямар хууль дүрэм Монгол улсад үйлчлээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй санагдана. Манай улсад telephone justice ноёрхдогийг бид эрхбиш гадарлана шүү дээ.
Гэвч энэ бүх хэргийн эцсийн дүнд яллагдагч гурван иргэн бол “Саусгоби” компаний хөлсний ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлсхийсэн нь үнэн бол хариуцлагыг компани буюу эзэн нь үүрэх ёстой болохоос бус, тус компанид ердөө 6 сараас нэг жилийн хугацаанд ажилласан гүйцэтгэх ажилтнууд ялыг нь үүрэх нь хэн ч харсан дэндүү шударга бус гэлтэй. Тэд өнөөдөр 6,8 тэрбум долларын орлогын татварт холбогдон харийн шоронд өдөр хоногоо тоолж суугаа. “Бид Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуултыг тэд шүүхэд тавьсан нь нэг талаар аргаа ядсан хүний үг болов ч нөгөөтэйгүүр манай улсын шүүх, хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлыг тодорхойлоод байх шиг.
Түүнчлэн монголын эрх баригчид тус улсын ДНБ-ний 7.6 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан тухай мэдээлж хэрэв АНУ-ын улс төрчид ийм хэмжээгээр америкийн хөрөнгийг завшсан бол улс төрч бүр 2.2 тэрбум доллартай болно гэсэн хэрэг хэмээн харьцуулалт хийсэн байна.
Одоогоор яллагдагч Америкийн иргэн Калла НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандаж гомдол гаргаад байгаа бөгөөд энэ хариуцлагагүй шийдвэр Монголын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг дахин сануулж буй явдал билээ. Иймэрхүү мэдээ мэдээллүүд цаашид олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаад байвал монголын шүүхийн нэр хүндийг ноцтой хөндөхийн зэрэгцээ монголд хөрөнгө оруулах, монголд итгэх хүмүүст айдас хүйдэс төрүүлэхэд хүрч байна.
Хэдхэн жилийн өмнө Японы нэгэн томоохон хөрөнгө оруулагчийг хар тамхины хэрэгт яллаж шоронд суулгаад бүх асуудлаа шийдүүлсний дараа нь суллаж буцаасан хэрэг явдал гарсан байдаг. Эхлээд БНХАУ, дараа нь Солонгос, Японы хөрөнгө оруулагч нарыг шоглох явдал гарч байснаа уул уурхай хөгжихийн хирээр гадны томоохон хөрөнгө оруулагчдын амар заяаг үзүүлэхээ байсан. Гэтэл өнөөдөр Хятад, Солонгос, Ветьнамын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх, амь насанд нь халдах, заналхийлэх, хилс хэрэгт гүтгэх үйлдэл бүр газар авсан нь нууц биш юм.
Зах зээлийн эдийн засгийг зарлан тунхагладаг улсад хувийн болон нийтийн өмч халдашгүй дархан байдаг. Төр нь, эсвэл төрийн нэр барьсан бүлэг хүмүүс хувийн болон нийтийн өмчид дураараа халдаж булааж авдаг жишиг тогтоож байгаа нь ихээхэн хор уршигтай зүйл мөн. Энэ нь гадна дотны хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө нь баталгаагүй юм байна гэсэн ойлголтыг суулгаж байгаа нь лавтай.
Зөвхөн гадныхан ч гэлтгүй, монголдоо ажиллаж амьдрах гэж хэр хэрэндээ зүтгэж яваа хүмүүсийг авилга, татвар гэх нэрийн дор хэрэг үүсгээд нотлогдоогүй шалгагдаж байхад нь улс орон даяар хэрэгтэн мэтээр цоллолж зарлаж байдгийг бид сайн мэднэ. Харин орчин үеийн энэ хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хичнээн олон аавын хүү, ээжийн охин нэр хүнд, ажил хөдөлмөр, амьдралаараа тоглуулж байгааг бид мэдэхгүй. Баялаг бүтээгчдийг барьж, хорьж, шийтгэж байгаа явдал нь манай нийгмийн гол эмгэнэл болоод байна. Энэ асуудал хууль тогтоох дээд байгууллагын хүрээнд ч багагүй шүүмжлэл дагуулж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Мөнгөтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хүмүүсийг зориуд онилдог. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар хувь хүний болон гэр бүл, бизнесийн нэр хүндийг нь юу ч үгүй болтол “булшилж” байгаад хорих ял оноодог үзэгдэл байна. Олон нийт ч хэвлэл мэдээллээр явуулсан тархи угаалтад итгэж “Өө, энэ нөхөр нөгөө л хэргээрээ ял сонсчихож” гэдэг. Ийм байдал бүр нийгмийн сөрөг үзэгдэл болтлоо гаарлаа. Жишээ нь хэргийг чинь шийдэж өгье 100 сая төгрөг өг гэж нэг хүнээс нэхсэн байсан” хэмээн Монгол телевиз, News.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Хөрөнгө оруулагчдыг ороод ир гэж оруулж ирчихээд паспортыг нь хураагаад авчихдаг, хааш нь ч гаргадаггүй, хорьдог цагддаг улс руу хэн орж ирэх вэ? Монгол улс шорон улс боллоо гэж Гадаад харилцааны сайд асан Лу.Болд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан.
Үнэндээ манайд нүүрлэж буй эдийн засгийн хямралын эх суурь нь улс төрийн, улс төрийн тогтолцооны хямрал гэдгийг бид ойлгох цаг нэгэнт болсон. Монгол улс маань өрийн дампууралд орох гэж байна гэж дэлхий даяар шуугиж байгаа яг энэ цаг үед гадны хөрөнгө оруулагчдыг шахаж, хорьж цагдаж байгаа энэ хэний тоглоом бэ? Хаанахын бодлого вэ?
УИХ-ын гишүүн, ГХ сайд асан Г.Занданшатар
2015.02.14
Зочин · 2015/02/14
Буруу линк байна