Б.Болор: Ашигт малтмалын тухай хуулийг буцаан татах хэрэгтэй
2015/02/14
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд манайх хөнгөлөлттэй зээл авах боломжтой боллоо. Хэрвээ үүнийг авбал манай өрийн хязгаар, тодорхой заасан үзүүлэлт нэмэгдэх үү?
-Засгийн газар тодотгол оруулж ирэхдээ өрийн хязгаарыг энэ жилийн гүйцэтгэлээр тооцож, 58.3 гэж оруулж ирсэн. Тэгэхээр урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг авна гэдгээ энэ хүрээнд бодолцож үзсэн. Хамгийн сүүлд орж ирсэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хувьд Японы иений ханш унасан учраас санхүүжилт дутсан зүйл байгаа. Сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр үлдэгдэл санхүүжилтийг нь шийдсэн. Хэрвээ Өрийн удирдлагын тухай хуулийг гишүүд дэмжиж, баталбал Японы хөнгөлөлттэй зээлийг авч болно. Энэ хууль олонхийн дэмжлэг авахгүй бол гаднаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авахгүй гэсэн үг.
-Та Ашигт малтмалын тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр“Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Би ч гэсэн энэ хуульд нухацтай хянуур хандах ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ-ын чуулганы үеэр зарим сайд нь томилогдоод хоёр сар болж байгаа учраас энэ хуулийн талаар мэдэхгүй гэж байна лээ. Тэгвэл Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө буцааж татаад сайд нар нь мэддэг болсны дараа өргөн барих нь зөв шүү дээ.
-Засгийн газар Америкийн компаниас 17.5 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авсныг та шүүмжилж байгаа. УИХ-аас үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авах уу?
- Засгийн газар гэрээгээ байгуулаад ажлаа үргэлжлүүлээд яваа байх. Би хувьдаа ийм өндөр ханштай зөвлөх үйлчилгээ авсныг дэмжихгүй байгаа. Эдийн засгийн хямралтай үед гадаадын компаниас хууль зүйн зөвлөгөө авах шаардлага байсан уу, үгүй юү гэдэгт гэрээ байгуулсан Засгийн газар нь тайлбар өгөх ёстой. УИХ-ын зүгээс ч ямар шийдвэрээр зөвлөх үйлчилгээ авахаар болсныг нь тодруулах шаардлагатай.
Ц.ТУНГАЛАГ