Хакухо М.Даваажрагал эх орондоо ирлээ
2015/02/15
Мэргэжлийн Сумо бөхийн 69 дэхь их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал 33 удаа түрүүлэн Япон улсын эзэн хааны цомыг хүртсэн юм. Тэрээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Түүнийг элэг нэгт Монголчууд баярлан угтан авсан юм. Энэ үеэр М.Даваажаргалаас эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
- Сайн явж ирэв үү? Японы сумо бөхийн дээд амжилтыг тогтоосон танд баяр хүрэге?
- Юуны өмнө Японы домогт их аваргын рекордыг эвдээд ард нь гараад, эх нутагтаа ирж байгаа нь сайхан байна. Аав ээжийнхээ нүдэн дээр 33 дахь түрүүгээ авлаа. Эх нутагтаа ирээд аав ээждээ үнсүүлэх сайхан байна.
- Монгол улсын төр засгаас таны хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнахаар болсон шүү дээ. Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаа аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны тохиолдол болно..
- Үүнийг ярихад эрт байна. Энэ сайхан хүч хөдөлмөр, өөрийнхөө урсгасан хөлс, нулимс, цус тэр бүхнийг үнэлүүлж байгаа. Тэр дундаа аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон түүх Монголд байтугай дэлхийд байхгүй байх гэж бодож байна. Сайхан баяртай байна. Хоёр хоногийн дараа энэ сайхан сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцана гэж бодож байна.
Их аварга М.Даваажаргалыг цагаан сарыг дуустал эх орондоо байхаар төлөвлөсөн бөгөөд олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Маргааш М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг гардуулах бөгөөд түүнд баяр хүргэх хүмүүс 12 цагт Чингисийн талбайд цуглаж баяр хүргэх боломжтой юм.
Э.Цэнд-Аюуш
А.Баярмаа