Бурхан урлаач Д.Ухаанзаяа: Хүүхдэд ус, ургамал, уул хад, мод, чулуу, адгуус амьтан, шувууны нэр өгч болохгүй
2015/02/15
“Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билэгт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд тавих гэж байна. Тухайн лекцэд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүн хэрхэн зохицон амьдрах, ханийн тэнгэртэй байхын учир шалтгаан, ханийн тэнгэр доройтохын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахад юуг анхаарах зэрэг та бидний анхаарах ёстой олон зүйлсийг энэхүү лекцэд ирснээр мэдэж авах боломжтой юм. Лекц болох гэж байгаатай холбоотойгоор бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяатай ярилцснаа хүргэж байна.
- Яагаад “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдвээр лекц унших болов?
- Нөхөргүй, ханиа зөв сонгоогүй эмэгтэйчүүд, үр хүүхэд тогтохгүй, үргүй хүн маш олон болсон. Хүүхэд төрсөн ч гэсэн янз бүрийн суурь өвчтэй, бие бялдрын хувьд сул дорой хүүхэд их гарч байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр ханиа зөв сонгоогүйгээс болж байгаа юм. Ханиа хэрхэн, зөв сонгоход бэрийн зурхай маш чухал. Бэрийн зурхай дээр ивээл харш жил байдаг, үүнийг харгалзахгүйгээр нууц эрхтний харшаар учирчих юм бол хайр сэтгэл байсан ч үр хүүхэд заяахгүй болчих зэргээр нарийн нарийн зүйл байгаа. Мөн хүний хийморь лундаа яагаад доройтдог юм? Хүн яагаад хань ижилгүй удаан явж байна? Үр хүүхэд яагаад олдохгүй байна? Яагаад зулбаж байна? Нэр өгөх ёс ямар байдаг вэ? Хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх вэ? Ураг олдохоос өмнө үр хүүхэд олох ажлыг хэрхэн яаж үйлдэх ёстой вэ? Эрүүл саруул оюунлаг хүүхэн яаж төрүүлэх үү? Төрсний дараа хүүхдэд яаж ямар нэр хайрлах уу? Хүүхдийг ширэг заслын судар гэж ямар юм байх уу? Нялхсын 15 ад гэж юу байх уу? Хүүхэд доройтох шалтгааныг тайлбарлаж заслын ном уншиж, Бүжинлхам бурхан тахих, жилийн заслыг энэ лекцээрээ хийхээр төлөвлөөд байна.
- Сүүлийн үед өрх толгойлсон ганц бие ээжүүд их байгаа. Тэдгээр эмэгтэйчүүд ханийн тэнгэргүй байна гэсэн үг үү?
- Олон шалтгаанаас болоод байна. Энгийн дээрээ тухайн хүний төрх, байгаа байдал, ааш, зан харьцаа, мэдлэг боловсрол. Нөгөө талаас ханийн тэнгэр доройтсон байна гэж үздэг. Хүн бүрийн биед заяаны таван тэнгэр гэж таван зүйл бие дээр нь оршдог юм байна л даа. Эрийн тэнгэр доройтоод ирэхээр ханийн учрахаа больдог. Үүн дээр айхтар бузрууд байдаг.
- Тухайлбал?
- Хормойн бузар, ширдэгний бузар, орны бузар, идээ ундааны бузар, газар орон нутгийн гээд олон зүйл байдаг. Ханьгүй байх шалтгаан олон эрэгтэй хүнтэй хамаа замбараагүй учирч явах, танихгүй хүний ор дэвсгэр, зочид буудалд хамаагүй хонож хэвтэх нь дэвсгэрийн бузар гэж айхтар юм байдаг. Хувцасны бузар гэхээр нас барсан хүний хувцсыг өмсөх, муу энергитэй хүмүүстэй уулзаж учрах зэргээс гадна удмын талын юм байна. Удмын талаасаа дангаараа ганцаараа байсан тохиолдол бий. Гэх мэтээр олон олон шалтгаан бий. Гол нь эрийн тэнгэр хаях, олон бузар нэгдэхээрээ ийм болж хувирч байгаа юм.
- Хүүхэдтэй болдоггүй хосууд цөөнгүй бий. Тэд хоорондоо зохицохгүй байна уу? Эсвэл хэн нэг нь үйлийн үрээ эдлээд тэгж байна уу?
- Олон шалтгаан байна л даа. Зөвхөн харшлаад байгаадаа ч биш. Үйлийн үр нь удмын талаасаа дамжаад ирсэн байж болно. Энгийн дээрээ өвчин, эрүүл мэнд, биеийн байдал, эд эс нь бохирдсон муудсан илжирсэн байх, эмэгтэйгийнх нь бие дуслыг хадгалж чадахгүй байх, эрэгтэйнх нь цагаан дусал муудсан байх, тэд хоорондоо угаасаа тохирохгүй байх талтай. Удмын талаасаа ганцаараа байх заяатай, үйлийн үр нь ганцаараа явах тавилантай үйлийг эдлэх шалтгаан байна. Энгийн дээрээ нууц эрхтний харш гэж байгаа юм л даа. Жил усаараа таараад байдаг ч нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Над дээр арваад жил амьдарсан хос ирсэн. Ажил төрөл, бүх зүйл сайхан болоод байдаг, тэгш хэрнээ нууц эрхтний харш байж таарсан.
- Жил усны болон нууц эрхтний харшийг хамаагүй ээ гээд хамтран амьдарсан тохиолдолд ямар хүүхэд төрөх вэ?
- Нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Заяасан ч гэсэн оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Жилээрээ, мэнгээрээ харш байх юм бол хүүхэд нь усан саа, бөөрний согогтой эсвэл бөөр нь цоорхой хүүхэд төрнө. Саяхан над дээр миний нэвтрүүлгийг үзээд хүн ирж байсан. Нууц эрхтний харш байгаад бөөр нь цоорхой хүүхэдтэй болчихлоо одоо яах уу гээд ирж байсан. Залуус хэнэггүй, юм уншиж судалдаггүй, зөвхөн өнөөдрөөрөө, би бүхнийг мэдэж байна, өөртөө итгэлтэй байхад шашин хамаагүй гэж дур зоргоороо явсны хар гайгаар хүүхдүүд нь янз бүрийн ужиг өвчтэй төрдөг. Их хөөрхөн охинтой хоёр залуу бас ирж байсан. Ухаан санаа нь эрүүл ч хоёр хөл нь шөрмөсний суналттай болохоор хөл дээрээ тогтож чаддаггүй. Тэгээд хүүхэд олох ажлыг ямар үед хийсэн бэ гэхээр согтуу байхдаа хийсэн байгаа юм.
- Харш жил, мэнгэтэй улсууд суусан тохиолдолд харшийг нь салгана гэсэн байдаг юм уу?
- Байж болно. Буддын шашин, дорно дахины зурхайн шашинд ийм юм боллоо, ингээд чи өнгөрөө гээд хаядаггүй. Эргээд засах аргыг нь заадаг. Эзэн хичээх юм бол эргээд заяа хичээдэг. Тухайлбал эр эм хоёр дээр бэрийн зурхайгаар арваад зүйл гарч ирдэг. Мэнгэ, суудал, мах бодь, эзэн боолын харш, нууц эрхтний харш, од гарагийн ивээл харш гээд үзэхээр арваад зүйл гарч ирдгийн ихэнх нь таарч байх юм бол болно. 100 хувь тохирох заяаны хань, зүрхний амраг гэдэг бол маш ховор. Бүх юм нь таарч байна гэсэн үг. Заяаны амрагууд учирсан тохиолдолд хэрүүл уруул гарахгүй, гарсан ч гэсэн ойлголцдог, санаа оноо нийлнэ, хамтраад ажил үйлс зохицоод явна, хэн хэнийгээ хүндэлж хүлээцтэй байна. Нэгийгээ гундахад нь өргөөд явдаг, уйтгарласан цагт уйтгарыг нь гаргадаг, шантрах үед нь дэмждэг хосууд байна.
Харшийн засал бүгд байдаг, болно. Над дээр 40 хүрчихсэн дөрвөн хүүхэдтэй амьдрал нь жигдэрчихсэн хос ирж байсан. Үзсэн чинь жил нь харш, бас нилээн олон юм нь харш байсан. Одоо бид хоёр яанаа өчнөөн олон жил амьдарчихсан, хүүхдүүд байхад салалтай нь биш дээ гэдэг. Та хоёр хэрүүл уруул хийдэг үү гэхээр ерөөсөө үгүй, ойлголцдог гэж байгаа юм. Тэр хоёрын харшийг засаад өгсөн. Өөрсдөө хувийн энерги сайтай хүмүүс байсан. Сайн энерги нь харшийг даван туулаад гарч ирж чаддаг юм байна л даа. Дунд зэргийн энергитэй улсууд үүн дээр унаж байна шүү дээ.
- Хайр сэтгэл нь байдаг юм уу? Мөнгөнд нь болдог юм уу асар олон насны зөрүүтэй хосууд их байх юм?
- 12 гээд л үе мултарчхаж байгаа. Үе мултарсан хүнтэй сууна гэдэг бүх юм жоохон хэцүү л байдаг юм. Биеийн болоод сэтгэлийн жаргал эдэлж чадахаа болино. Гарсан хүүхэд нь бие султай өвчтэй хүүхэд гарна.
Мөн одооны эмэгтэйчүүдэд асуудал их байна. Төр ариун байхыг эрчүүд мэд, цус ариун байхыг бүсгүйчүүд мэд гэсэн үг бий ш дээ. Цусыг бохирдуулдаг гол нь юм нь эмэгтэйчүүдээс хамаарч байгаа. Энэ нь Монгол эрчүүдийн үнэлэмж буурсантай холбоотой. Тийм учраас Монгол эмэгтэйчүүд гадаад эрчүүдийг сонгож байгаа.
Энэ насны амьжиргаа эдийн засгаараа хангалуун амьдаръя гэж бодоод суухаар цус бохирдож байгаа хамгийн аймшигтай ажлыг тэд хийж байгаа юм. Хятад хүнтэй сууж байна. Цус холилдож маш олон эрлийз хүүхэд гарч байна. Энэ бол Монгол цус муудаж, эх оронч үзэл алга болно, Монголыг гэх хүн байхгүй болно. Монголыг хаяад бүгд гадагшаа явчихна.
Манай нэг шавийн найз хайр сэтгэлээрээ суусан байгаа юм. Ямар ч боловсролгүй залуутай 2-3 жил хамт амьдарсан. Амьдрал нь ерөөсөө дээшилдэггүй. Боловсролгүй хүн болохоор олигтой ажил олдоггүй, өмсөх зүүх, идэх уух, хэрэглэх нь ховордоод, амьдрал нь огт дээшилдэггүй. Ийм байдлаар амьдралд нухлагдаад ирэхээр найзууд нь дээшилж,дэвжээд байдаг. Хайр сэтгэлээрээ амьдарвал үргэлж ядуу зүдүү амьдрах юм байна гээд салсан байгаа юм. Салаад настайвтар баян хүнтэй суухаар өнөөх нь үнэхээр баян биш, өр зээлэнд баригдчихсан, эд зүйлээр тэтгэдэг, хүссэнг нь өгөөд байдаг. Тэгтэл тухайн хүнд биеийн болон сэтгэлийн жаргал байхгүй болдог. Хөгшин хүнтэй дур хүсэл бадрахгүй, мөнхийн орондоо уйлаастай. Хүний амьдралд биеийн жаргал болоод сэтгэлийн жаргал чухал байдаг юм байна л даа. Хоолгүй ч байсан, эр эмийн ажил хийх, биесээрээ хүрэлцэж хайрлах гэдэг хамгийн сайхан байдаг юм байна л даа. Тэр байхгүй болохоор бүх юм утгагүй болдог. Харахад аз жаргалтай харагддаг ч хөлөө эвхээд уйлаад суудаг. Дээрээс нь байнга хардаж, гэртээ түгжээд явчихдаг, байнга эрх чөлөөгүй болчихож байгаа юм. Тэгээд гадаад хүнтэй суусан байгаа юм. Монголд орж ирж байгаа гадаадуудын ихэнх нь эх орондоо өр зээлтэй болохоор манайд ирдэг юм байна л даа. Тэгээд хөгшин хүнтэй суудаг, бас л биеийн сэтгэлийн жаргалгүй, нутагт нь очоод шууд боол болгож, зодож, дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөнө. Барьцаалчихдаг болохоор оргож чадахгүй байсаар 15 жил болоод эх орондоо ирсэн хүн байна ш дээ. Тэгээд нөгөө хүн чинь муу ч сайн ч Монгол хүнтэйгээ сууна гэж ярьж байна. Монгол эрчүүдийн ихэнх нь мэдлэг, үнэлэмж, гэр бүлээ аваад явах чадамж сул болсон байна.
- Хүүхэд олох ажлыг ямар үед хийж болохгүй вэ?
- Хүүхэд олох ажлыг аадар бороо орсон үед, аянга цохисон үед, солонго татсан үед, ширүүн салхитай өдөр, сэтгэлийн хэт хөөрөлд автсан үед дандаа өвчтэй хүүхэд төрж байгаа. Мөн бурхан шүтээн, аав ээжийн дэргэд хийж болохгүй гэсэн нарийн нарийн заалтууд бий. Тэдгээрийг зөрчсөн тохиолдолд өвчтэй хүүхэд төрнө. Эрүүл төрсөн ч том болоод үймээн самуун дэгдээгч нэгэн болно гэж байдаг. Эдгээрийн талаар бид зах зухаас нь мэдээд авбал алдаа бага гарна.
Үүнийг би шинээр гаргаж ирээд ярьж багаа биш. Олон зууны өмнө бэрийн зурхай, эр эмийн зохицох ёсон гээд олон зуун жилийн тэртээгээс гараад үүнийг дагаж мөрдөөд, оюунлаг ачлал буяны авсаар өдий хүрсэн юм. Бид өнөөдөр яагаад үүнийг мэдэхгүй бусдыг дуурайж яваад байна вэ гэхээр эрдэмтэй лам хуврагуудаа бүгдийг нь устгуулчихсан. Энэ бүхнийг үр хүүхдүүдээ өвлүүлээд, нарийн хэлхээ холбоо тасрахгүй байсан байна. Монголчууд хүчирхэг байсан шалтган бол 13-р зуунд Чингис хаан тийм хүчирхэг байсан бэ? Гень сайтай байсан. Төрсөн хүүхэд бүр хүчирхэг баатар болж байсан. Аян дайнд бүгд чадамжтай. Жоохон хүүхэд хүртлээ морин дээрээс харвах чадвартай, өл хоол даах чадамжтай болсон. Одооны хүүхдүүд ямар болсон билээ? Их туранхай, төрөлхийн ходоод муутай, хоол шингээж чадахгүй, жоохон бээрвэл нус нь гоождог, төрөлхийн суурь харшилтай хүүхдүүд төрж байна. Үүний гол шалтгаан нь алтан ургийн угийн бичиг алдагдсан, холын хамаатан хоорондоо сууснаа мэддэггүй. Тэгээд хүүхдүүд нь харахад зүгээр мөртлөө сэтгэн бодох чадвар муутай, огцом ууртай, шийдвэр гаргахдаа удаан, маш удаан ойлгоцтой, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болчихсон байдаг.
Ийм хүүхэд том болоод асуудал гаргасны дараа нь бид нар хүмүүжил гэх мэтээр өнгөн талаас нь хэлдэг. үүнийг бүүр язгуур эх угаас нь ярих юм бол угийн бичиг, цус ойртолтын шалтгаан нь дороо гараад ирнэ. Тэгэхээр бид над асуудлыг авч үзэхдээ модны дээр байгаа навч алимыг нь ярих биш, язгуур үндэснээс ярих ёстой. Үндсийг нь ярихгүй мөчрийг нь тасдаж хаяад байна.
- Хүүхэд олох өдрийг буруу өдөр хийснээс болж хүүхэд төрчихвөл засал хийж ном унших уу? Нэрээр нь буян заяаг нь засах уу?
- Нэгэнт төрчихвөл хэцүү ш дээ. Гажигтай төрвөл засахад хэцүү. Төрөхөөс нь өмнө аргалж болно.
- Аргална гэдэг нь авхуулна гэсэн үг үү?
- Үгүй ээ яалаа гэж дээ. Засал хийнэ. Тийм нүгэлтэй юм яаж хийж болохов. Над дээр үр хөндүүлнэ гэсэн хүн их ирдэг юм. Би хэзээ ч авахуул гэж хэлдэггүй. Надад тэгж хэлэх эрх байхгүй. Аборт хийж байгаа нь хүний амь хөнөөж байгаа хэрэг. Богд хааны бошго лүндэн дээр Цөвүүн цагт үрээ хөнөөгөөгүй эх хүн байхгүй болно гэсэн байдаг. Ихэнх эмэгтэй үр хөндүүлсэн байдаг. Ураг бүрэлдсэн бүрэлдээгүй үед нь эм уугаад гаргах нь өөрөө үрийн заяаг гомдоох хамгийн гол зүйл. Над дээр 40 орчим насны нэг эмэгтэй ирж байсан. Зурхайгаар үзэхээс наана ярилцаад үзсэн чинь хоёр удаа үр хөндүүлсэн байгаа юм. Нэгэнд нь оюутан байсан, нөгөө дээр нь хүсээгүй байсан болохоор авахуулсан, түүнээс хойш огт жирэмслээгүй гээд Солонгос, Тайланд яваад эмчилгээ хийлгэсэн гээд хэлж байсан. Үзэхээр үрийн заяа гомдсон гээд гараад ирж байгаа юм. Эмнэлгээр яваад ямар ч нэмэргүй.
Бас нэг компанийн захирал залуу эхнэртэйгээ хамт амьдраад 10 жил гаран болсон ч гэсэн ерөөсөө хүүхэдтэй болдоггүй гээд. Надаар хоёр жижигхэн, ижилхэн их хөөрхөн Бүжинлхам бүтээлгэсэн юм. Тэгээд удалгүй бүтээлгэсэн Бүжинлхам бурхантайгаа ижилхэн хоёр ихэр охинтой боллоо гээд ярьж байсан. Энэ мэт тохиолдлууд олон байна. Эндээс миний ярих гээд байгаа нэг зүйл бол эмэгтэйчүүд маань залуу насны алдаа, хэнэггүй юм боддоггүйгээсээ болоод үр хөндүүлдэг. Тэрний оронд хүүхдээ гаргаад хүнд өргүүлж болно, асрамжийн газар өгч болно, үр хөндүүлж л болохгүй. Үр хөндүүлсэн тохиолдолд амь тасалсан гээд хилэнцээ хураачхаж байгаа юм. Дахиад хэзээ ч бурхан тэнгэрээс үр хүүхэд заяахгүй байх шийтгэлийг бурхан тэнгэрээс өгчихөж байгаа юм. Бурхан үрийн зулай үнэрлээд сайхан амьдар гээд анх бэлэглээд өгч байхад устгачихаар үрийн тэнгэр нь гомдоод, уурлаад хилэгнэж ч болно. Тэгээд дахиад тэр хүнд хэзээ ч үр өгөхөө больчихож байгаа юм. Тэгэхээр үрийн тэнгэрээ л баясгана. Үнэн зүрхнээсээ наманчлаад аврал дуудуулах юм бол засарна. Алсуураа хүүхэдтэй болсон тохиолдол байна. Ингэхдээ өөрөөсөө хамаарах эрүүл мэнд, сэтгэл санаа, хоол унд гэх мэтээр бүх зүйлээ хийх хэрэгтэй.
- Тохиромжгүй өдөр олдсон хүүхдийг гэдсэнд байхад нь номын аргаар засаг гэсэн үг үү?
- Тэр бол нууц увдис байгаа юм. Хатуу нууц увдис хамаагүй й ярьдаг ч эд биш. Ураг олдсон үед эх хүн таван мөчиндөө сахиус зүүгээд явбал өвчингүй оюунлаг хүүхэд төрдөг нууц увдис байдаг. Барууны баячууд мундаг хувилгааныг залаад ураг олох цаг, хүүтэй болох уу охинтой болох уу гээд өдөр сараа сонгочихож байна. Сайн цагт төрөхөөс нь өмнө сахиусаа зүүлгээд, ном уншуулбал хүүхэд нь оюунлаг, буянаар ирж байгаа эрүүл байна.
Тэр өдрийн тэнгэр мэдэг гээд хамаа замбараагүй дуртай өдрөө хүүхэдтэй болж байна. Мэддэг юм болгон мэдлэг, мэддэггүй юм болгон дайсан болоод байгаа шүү дээ. Дур зоргоороо хүүхэдтэй болоод байхаар тэнэсэн сум тархинд гэгчээр аз мэдэг гээд явж байгаа. Хар таамгаар амьдарч болохгүй. Нийтлэгээрээ ийм байна. Дураа хөдөлсөн өдрөө хамаа замбараагүй хийснээс оюуны сааталтай, усан саа өвчинтэй хүүхэд төрнө ш дээ. Эрүүл хүүхэд төрсөн ч миний хэлснээр үймээн самуун дэгдээгч бүтэлгүй нэгэн болж төрнө
- Хүүхэдтэй болох ажлыг хэдэн наснаас хийх үү?
- Эмэгтэйн 16, эрэгтэйн 18 насанд хамгийн эрүүл хүүхэд төрөх нас гэж үздэг. Хойшлоод эмэгтэйн 20 , эрэгтэйн 30 нас бол гайгүй, хойшлох тусам муудаад л байгаа. Залуу дээрээ эрүүл хүүхэд гаргана гэж үздэг. Хөгшрөх тусмаа хүүхэдтэй болвол бие муутай хүүхэд төрдөг. Одоо үед бол эмэгтэй 30 , эрэгтэй 35 наснаас доош бол эрүүл хүүхэд төрнө.
- Хүүхдийн нэрэн дээр манайхан анхаарах больсон юм шиг санагддаг. Тухайлбал Хангарьд, Чингис гээд нэрлэхээ нэр хүнддэхгүй юу?
- Хүүхдийн нэрэн дээр маш том асуудал бий. Үүнийг би олон жил судаллаа. Нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо байдаг. Үүнийг энгийн хүн битгий хэл лам нар ч мэддэггүй. Нэрийн сударт “Эцэг эх нь сэтгэлийн хөөрлөөр хамаа замбараагүй нэр өгч болохгүй” гэж заасан байгаа. Нэрийг лам багшаас эсвэл нэр судлаачаас асууж байж зална. Нэр зална гэж байгаа юм. Нэрийг дур зоргоороо өгчихвөл хүүхдийн хорлож байгаагаа асуудал болж байгаа. Нэрийг тааруулаад өгсөн бол тааруу хувь заяатай байсан ч гэсэн нэр нь хувь заяаг нь дээшээ татаад сайн явдаг. Өндөр заяатай төрсөн хүүхдэд таараагүй нэр өгчихвөл заяаг нь доош нь татдаг.
- Нэр хүнддэх гэдгийг тайлбарвал?
- Нэр хүнддэх, нэрийг цээрлэж өгнө. Нэрийг цээрлэж өгнө гэдэг нь хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ Хэн ч биш, Золбин нохой, Хүн биш гэх мэтээр нэрлэхийг хэлж байгаа юм. Тийм нэр өгчихөөр одооны хүүхдүүд битгий хэл эцэг эхчүүд мэдэхгүй ямар муухай нэртэй юм бэ гэж дооглож доромжилдог. Тэгж болдоггүй. Хуучин Хэн ч биш гэсэн нэртэй хүүхэд байх юм бол энхрий ороолгон хүүхэд байна, тэгэхээр энэ хүүхдийг хүндэтгэж харьцах ёстой, бохир аяганд хоол идүүлэхгүй, хамаагүй хиртэй хувцас өмсгөхгүй, гомдоож болохгүй юм байна гэж ойлгодог байсан. Одоо бол харин эсрэгээрээ болсон байна. Хүүхэд тогтоод амь нас нь батжаад 12 болон түүнээс дээш насанд нь харин цээрлэж өгсөн нэрийг сольж болдог. 0-5 насанд хүүхдийн амь нас батжаагүй байдаг. Амь нас батжаад ирсний дараагаар Билгүүндалай, Гэгээнгэрэлт ч гэсэн юм уу таарсан нэр өгч болно.
Нэр хүнддэх гэж юм байгаа. Бид мундаг хүн болог гээд Чингис, Бат гэж нэрлэдэг. Энэ нь буруу. Тэд агуу үйлсийг бүтээхээр тусгай одонд заяагдаж төрсөн өөр хүмүүс. Бид бол дэлхийн талыг байлдан дагуулсан тийм агуу хувь тавилантай байж чадахгүй. Энгийн сайхан явах хүнд хүчтэй нэр өгчихөөр нэрэндээ чирэгдээд баларч байгаа юм. Энэ нь нэр хүнддэх гэж байгаа юм.
Нэрэн дээр ус, ургамал, уул хад, мод, чулуу, адгуус амьтан, шувууны нэр өгч болохгүй. Тухайлбал амьтны нэр өгчихлөө гэж бодье. Цаад язгуураар нь бодоод үзэх юм бол хүн чинь энэ ертөнцөд сайн заяа, муу заяа гэж үндсэн хоёр хэсэгт хуваагдаж амьдардаг даа. Гурван сайн заяа гэдэгт хүний төрөл, тэнгэрийн төрөл, асурын төрөл багтдаг. Гурван муу заяа гэдэгт тамын төрөл, бирдийн төрөл, адгуусны төрөл багтдаг. Нөгөө адгуусны төрөл нь муу заяаны амьтан. Муу заяаны амьтны нэрийг сайн заяан хүнд өгчихөөр юу болох уу? Доош нь татаж, адгуус амьтан шиг болж хувирах нь байна. Араатанлаг болж байгаа чинь адгуусны нэр өгдөгтэй холбоотой. Ургамал, чулуу, хадны нэр өгч болохгүй. Уул усаа дээдлэлгүй л яахав. Гэхдээ бид чинь хүн, уулнаас илүү. Хүн гэгээрч бурхан болсон төрөл. Бидний төрлөөс бурхан төрж болсон. Тэгэхээр бид нар яах нь уу? Бурхан болох боломж байгаа. Тийм агуу цогцсыг олж авчихаад адгуусны нэр өгч болохгүй.
- Гэхдээ ургамал, гол усны нэртэй сайн явж байгаа хүмүүс байна шүү дээ?
- Хувь хүний өөрийнх нь энерги, хийморь лундаа гэж нэг юм байдаг юм. Мөн дээд язгууртай бол ямар ч нэрийг өөрийншүүлээд даагаад аваад явах чадалтай байдаг. Сулхан энергитэй хүүхэд бол нэрэндээ дарагдаад шууд унадаг.
- Нэр буруу өгсөнг хэрхэн мэдэх боломжтой вэ?
- Нэр буруу өгснөөс хойш хүүхэд өвдөөд эхэлдэг. Шөнө унтахгүй уйлна, өвчин орооно, байнга уйлна, халуурна, хөлсөрнө. Гэхдээ үүнийг нэрнээс 100 хувь болж байгаа гэж үзэж болохгүй. Нялхсын 15 ад гэж хүүхдийг хорлож байдаг амьтад байна, тухайн нярай өөрөө айсан цочсон, суурь өвчтэй зэрэг байдаг. Гэхдээ нэрийг нь солихоор зүгээр болчихдог.
- Нэрийг өгөхдөө хэрхэн үзэх үү?
- Эхлээд тухайн хүүхдийнхээ төрсөн од гараг, барилдлагыг үзнэ. Тэгээд аав ээжийнх нь нэрийг судална. Тухайлбал аавыг нь Дорж гэдэг байлаа гэхэд нэрэнд нь Д О Р Ж байгаа үсгүүд ямар мах бодьтой үсгүүд вэ? Эр үү? Ус уу? Гал уу? Мод уу? Гэдгийг тогтооно. Үсэг болгон өөрийн махбодьтой байдаг. Тэрийг нь тоолж үзнэ. Нөхрийнх нь нэр ихэнх нь ус байлаа гэж бодье. За эхнэрийнх нь нэр Долгор. Ахиад ус нь давамгайлаад байна. Гал нь бага юм байна. Ингээд ав ээжийнх нь нэрэнд ус нь давамгайлаад байна. Шинэ төрсөн хүн нь усан мах бодьтой өдөр төрчихөж. Тэгэхээр энэ гэр бүл ус давамгайлчихлаа. Тэгэнгүүт яаж тэнцвэржүүлэх үү? Нэрээр нь л тэнцвэржүүлнэ. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэж нэр өгнө. Яагаад гэвэл усан дээр хамгийн тогтвортой байдаг зүйл бол сүмбэр уул. Яагаад гэхээр битүү далайн усанд доошоогоо найман түмэн бэр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна. Тэгэхээр тэр хүүхэд тэнцвэржээд ирнэ. Дараа нь хувь тавиланг нь үзээд амь нас, ухаан мэдлэг, цог жавхлан, эд баялаг ямар байгааг харж байгаад нэр өгнө. Хэрвээ буян хишиг, ядуу зүдүү амьдрахаар байна. Тэрийг нь нөхөөд эдийн охин тэнгэрийн нэрийг өгчихөөр тэнцвэржиж байгаа юм. Норжинлхам гэдэг нь эдийн охин тэнгэр. Лхама гэдэг нь охин тэнгэр, Норжин гэдэг нь эд баялаг гэсэн утгатай үг.
Эрэгтэй хүүхдийн нэрэнд Очирыг оруулж болно. Очир гэдэг нь өөрөө өвчин, муу юмнаас бүх юмнаас хамгаалчих байгаа. Очирыг дийлэх юм энэ замбуулин хорвоод хаана ч байхгүй. Нэрэнд нь очир оршоочихбол тухайн хүүхэд бат бөх байдаг. Тухайлбал Дагвадорж Японы сумод яаж бужигнуулав даа? Нэрэнд нь хойно нь очир байна.
Алдартай хүмүүсийн нэрийг судлаад үзэхээр дандаа утгатай номын нэр байдаг. Утга учиргүй нэр нэг ч байхгүй. Тухайлбал Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын нэр ялан дийлэхийн эрдэнийн туг гэсэн утгатай. Жанцан гэдэг нь ялан дийлэхийн туг, норов гэдэг нь эрдэнэ эсэн утгатай. Тэр хүн оюун санааны ертөнцөд хэзээ ч ялагахгүй, байнга манлайлж явна гэсэн утгатай. Р.Чойном гээд суут яруу найрагч байсан. Чой гэдэг нь ном, ном- нугууд гэсэн утгатай. Ном нугууд буюу номын далай гэсэн утгатай. Чойжамц гээд манай хамба лам байна шүү дээ. Номын далай гэсэн утгатай нэр. Өөрөө номын далай болсон хүн болохоор энэ олон шашны барьж чадаж яваа хүч чадал нэрэнд нь ч байна, өөрт нь ч оршсон байна.
Юм бүхэн цогцоороо бүрэлддэг байна л даа. Өрөөсгөл салангид байгаад ганц ажлыг бүтээдэггүйн юм байна. Тухайлбал нэг агуу баатар төрөхөд морь өөр газар төрж байдаг. Тэгээд нэгнээ олоод, учраад, нэгдээд явдаг. Гол нь олох уу гэдэг л асуудал. Заяаны ханьтайгаа учрах уу төөрөөд явах уу? Хэрвээ зөв мэдлэгтэй бол учирна. Мэдлэггүй бол яг хажууд байгаа ч гэсэн зөрөөд яваад байдаг.
- Түвд, Санскрит нэрийг Монголоор орчуулаад өгч болох уу? Орчин үед хүүхдээ Түвд, Санскритаар нэрлэхээр дээр үеийн нэр гэх хандлага ажиглагддаг.
- Байна. Тухайлбал Бат гээд л болно. Бат гэдэг нь очир гэсэн үг. Базар гэдэг нь очир гэсэн үг. Түвд, Санскрит, Монгол хэлээр бүх юм явж байгаа.
Гэхдээ сонсголон нь тийм чухал биш. Тэр хүндээ таарсан байна гэдэг нь чухал. Тэрнээс Анужин, Бүжин гэдэг нэр сонсголонтой гээд сонговол мунхаг асуудал болно.Манай багш нар бол номонд бууснаар нь тас гээд л өгнө. Долгор гээд өгвөл эсэргүүцэх аргагүй. Долгор гэдэг нь цагаан дарь эх гэсэн үг. Должин гэдэг нэрийг эмээ нарын нэр гэдэг. Үгүй хамгийн гоё нэр. Ногоон дарь эх гэсэн утгатай. Нэрэн дээр ер нь нэг үетэй байх жоохон муу, хувь тавилан богино гэж үздэг. Бат, Эгшиглэн, Шүр, Сувд гэж өгөх дэмий.
- Бурхдын нэрийг хүнд өгөхөөр хүнддэх үү?
- Бурхдын нэрийг хүнд өгөх маш сайн. Бидний дунд Намсрайжав, Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн нэртэй хүмүүс байгаа. Эд бүгд бурхны нэр. Жишээ нь Манал гээд нэр байна. Эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан байна. Тэгэхээр тухайн хүн бие жоохон муутай байсан байх нь. Тэгээд тийм нэр өгсөн байна. Нэр бүхэн учиртай. Бие өвдөхөд Манал уншуулдаг. Тэр уншуулах гээд байгаа номыг нэрэнд нь оршоогоод өгчих юм бол нэрийг нь дуудах бүт тарни уншиж байгаа юм шиг болдог. Нөгөө хүндээ байнга эерэг нөлөөллийг үзүүлж байдаг.
Бурхан хүнийг зовлонгоос гэгээрүүлэхийн төлөө үйлс нь зорьдог болохоор тэрийг дуудуулж байвал сайн. Олон дахин дуудуулж байвал сайн. Харин хагасалж болохгүй.
- Зовж зүдэрч байгаа хүмүүстэй уулзахад өөрийгөө миний л тавилан юм байлгүй дээ гэж боддог тухайгаа хэлж байсан. Тийм муу явах заяатай хүн гэж байдаг юм уу? Эсвэл өөр учир байна уу?
- Ядуу явах хувь тавилан гэж ер нь байхгүй. Хүн болгон сайн сайхан явах хувь тавилантай. Тэрийг хэр оюуныхаа хэмжээгээр шүүрдэж авч чадаж байна? Хэр өөрөө хичээж байгаагаас шалтгаалан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг мундаг үг. Чи өөрөө хичээгээд номонд шамдаад, оюуны төвшинг дээшлүүлж чадвал тэр хэмжээнд чиний амьдрал оршино. Хүн өөрөө ухааныхаа хэрээр амьдардаг. Ухаангүй хүмүүс ядуу амьдардаг. Толгойгоо ажиллуулж, зөв хөдөлмөрлөөд явбал хүн бүр сайн сайхан амьдрах боломжтой.
- Уучлаарай сүүлийн үед шашингүй хүмүүс их байгаа?
- Өглөөд ядаж нэг арц уугиулж байх ёстой. Арцны үнэр нь өөрөө анхилам сайхан үнэртэй болохоор муу зүгийн хар муу юм тэнд байж чадахгүй, зугтаагаад оддог. Улмаар сайн зүгийн тэнгэрүүд цугладаг. Сайн зүгийн тэнгэрээс сайн л юм гарна. Бид өдөрт ядаж нэг удаа ариусгаж байх ёстой. Үгүй бол гэрт шалтгаангүй хэрүүл гарч, хүүхэд өвчин ороож, шөнө орой уйлдаг болчихно.
- Өнгө, дүрсний хугарал гэдгийг шашны талаас тайлбарлавал?
- Хамаагүй өнгө хиртээд эхлэхээр чөтгөр баясдаг. Төвөн өнгөнөөс дээш өнгө холилдохоор өнгө хиртэнэ гэж үздэг. Хоорондоо холилдож болохгүй аймшигтай өнгө гэж байдаг. Хатан өнгө тойн өнгө хоёр хоорондоо холилдох юм бол чөтгөр ч гутмаар аймшигтай үйл явдал болно гэж байна ш дээ. /Хатан өнгө гэдэг нь гоё ягаан өнгө, тойн өнгө гэдэг нь хондон шаргал өнгө/
- Шашингүй, залуу гэр бүлүүд гэртээ авангард зураг их өлгөх болсон. Энэ нь зөв үү?
- Авангард зураг гээд өнгөний болон дүрсний хугаралд орсон аймшигтай зурагнуудыг тавьчихаад байгаад байдаг. Тэр нь дандаа муу юмыг оршоогоод сөрөг энергийг дуудаад байдаг. Манай эцэг өвгөд эртнээс гэртээ эвтэй дөрвөн амьтан, жаргалын найман морь, дөрвөн хүчтэн, цагаан өвгөн зэрэг билэгдэлт зургийг гэртээ залдаг байсан. Энэ нь зүгээр нэг зураг биш. Цаанаа нарийн утгыг агуулж байгаа. Эвтэй дөрвөн амьтан гэр бүлд хэрүүл уруул гаргахгүй, эв найрамдлыг билэгдэж байгаа юм. Таяг тулсан урт цагаан сахалтай өвгөн байдаг. Тэр нь зургаан урт настай амьтан нэг доор байгаа юм. Тэр байсан тохиолдолд газар ус, үер, гал, араатны аюулаас хамгаалдаг. Цагаан өвгөн уул усны эзэн савдаг. Мөн хөдөө болон гадаад явахдаа Цагаан өвгөний сан заавал уншуулдаг. “Надад аврал одуулбал би сахин хамгаална” гэсэн тангаргийг Цагаан өвгөн өргөсөн байдаг. Маш олон зүйлээс хамгаалдаг. Болж өгвөл гэртээ билэгтэй зураг, шүтлэггүй бол эвтэй дөрвөн амьтан өлгөж байх хэрэгтэй.
- Нас барсан аав ээжийнхээ зурагны өмнө зул асаагаад байдаг. Уг нь эрт дээр үед бурхан бүтээлгээд тэрхүү бурхангаа шүтдэг байсан санагдах юм. Үүнийг та тайлбарлаж өгөхгүй юу?
- Нас барсан аав ээжийнхээ зургийг гэрт тавих сайн биш. Зургийг нь тавьдаг нь Монгол ёс биш юм. Үүний оронд талийгаачийн зургийг хадганд боогоод дээр газар далд хийж тавьдаг. Цагаан сарын шинийн нэгнээс 15 хүртэлхи билэгт сайн өдрүүдэд гаргаад урд нь зул хүж тавиад, буянаа хураагаад тэгээд буцаагаад далд хийчих ёстой. Зургийг нь байнга ил байлгаад байхаар сүнс нь тонилж чадахгүй, ил байгаа зургандаа тачаагаад, амьд байгаа юм болов уу гэж боддог талтай. Яагаад гэхээр хүмүүс урд нь идээ будаа өргөөд байхаар тэрэндээ хорогдоод ертөнцөд гацах аюултай. Уг нь сүнс нь сайн төрөлд очоод цаашаа явах ёстой. Тиймээс зураг тавьдаг нь манай ёс биш.
Манайхан бол алтан саванд гарсан бурхныг нь бүтээлгээд, бурханд нь зул хүж өргөж, буянаа хураалгаад буяныг нь нэмж өгдөг. Гэгээрээгүй зурганд нь өргөөд байх ямар ч үр дүн байхгүй.
- Ярилцлагын төгсгөлд миний асуугаагүй, танд хэлье гэж бодсон зүйлс байгаа байх?
- Ерөөсөө уриалга л байгаа. Энэтхэг, Төвд, Монгол гурван улс эртнээс номт гурван улс гэдгээрээ алдаршсан. Номыг дээдэлж ирсэн, номоо торгонд ороож тахидаг ард түмэн дэлхий дээр цөөхөн. Эцэг өвгөдийнхөө үр сад болсон бид түүхийн нэгээхэн цаг бусдын орны золиосоос болж үед ёс уламжлалаасаа гээж, мартсан ард түмэн. Одоо дахин сэрж байгаа учраас бид Монгол хүн байхын тухай, Монгол улсын төлөө цохилох зүрхтэй байхын төлөө ёс уламжлалаа, оюун ухаанаараа дахин сэрэх цаг болсон. Бид гадаадын ямар нэгэн юмыг хуулбарлан авч ирэх биш, Монголчуудын үндэсний бахархал болсон дээл хувцсаараа гоёж, хаад дээдсийнхээ сургаалийг уншиж, оюунаа цэнэглээд орчин цагийн боловсролтой нэгтгэж чадвал жинхэнэ Монгол хүн болно. Монголоо алдсан хүн биш Монголоороо байх тухай ярьж байна. Одоо бүх хүн Монголоо алдчихаад байна. Эрт дээр үед эцэг өвгөд маань хүүхдээ элдвээр хочилдоггүй, Чи яасан Монголоо алдсан хүүхэд вэ гэж загнадаг байсан. Үүнээс хүүхэд Монгол хүн байхын тулд би залхуу байж болохгүй, унтаж болохгүй юм байна, худлаа ярьж болохгүй юм байна гэдгийг ойлгож багаас нь эх оронч үзлийг суулгаж өгдөг. Тэгэхээр Монголоо алдахгүй Монголоороо байцгаая. Эцэг өвгөдийнхөө өв соёл, ариун нандин сургааль, уламжлалыг өөртөө шингээж аваад алдахгүй зөв амьдаръя. Зөв ухаарал, зөв эрдэм мэдлэг төлөвшсөн хүнд хэзээ ч худалд хуурмаг, муу зүйлийг тулган хүлээлгэж, оршоож чадахгүй.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
А.Баярмаа
Зочин · 2015/07/28
Би бурханч Ухаанзаяаг маш их хүндэлж явдаг. Олон түмэндээ хэрэгтэй их зүйлийг судалж мэдсэн, түүнийгээ олны тусын тулд хүргэж яваа нь бидэнд өвөг дээдсээс минь заяатай буян хишиг гэж бодож явдаг даа. Би удмынхаа шүтээнээ бүтээлгэж, хүүхдүүддээ нэр залсан цэргийн албан хаагч эмэгтэй байнаа. Танд аз жаргал эрүүл энхийг хүсъе.
Зочин · 2015/04/30
Бэрийн зурхай талаар юм асуух гэсэн холбоо барих утас дугаарыг хэлнэ үү
Зочин · 2015/02/16
ene hun ali hiided suudag ve utasiig ni medeh bolomj bna u
Зочин · 2015/02/16
ямар сайхан хүнтэй ярилцаа вэ? Баярлалаа..Мэддэггүй юм их байдаг юм байна шүү
Зочин · 2015/02/16
:like мэдүүштэй сайхан зүйл ярьж өгсөнд баярлалаа. таньд эрүүл энхийг хүсве
Зочин · 2015/02/16
bayarlalaa saihan yariltslaga unshlaa. Iim nomtoi uhaantai hunii yaria unshih sonsoh ch saihan shuu