Дээд шүүхийн Ерөнхий шүүгч сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2015/02/18
Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, тэдгээрийн Тамгын газрын ажилтнууд, үе үеийн ахмадууд Та бүхэндээ XVII дугаар жарны Согтууруулагч хэмээх модон хонь жилийн сар шинийн мэндийг Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.
Монголчууд бидний тэртээх цагаан морин жил эхлүүлсэн шудрага ёс, хүний эрх, эрх чөлөөнийхөө эрэлийг олсон үйл хэрэг өнөөдөр эрийн цээнд хүрчээ.
Өнгөрсөн 2 жилд шүүхийг шинэтгэх бодит хэрэгцээнд тулгуурлан дэлхийд шалгарсан жишиг, Монголын онцлог хоёрын уулзвар дээр шүүхийн шинэтгэл амжилттай хэрэгжиж байна. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх хүртэл бид шинэтгэлийг цаашид ч тууштай, тасралтгүйгээр хэрэгжүүлэх болно.
Улиран буй он төрт ёс, шүүхийн түүхэнд зурвасхан үе хэдий ч шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргааны удирдлага бие даах хүртэлээ хувьсан өөрчлөгдсөн амьдлаг, сонирхолтой, өрнөл ихтэй, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.
Монголын шүүх өнөөдрийн шинэтгэлтэй золгох хүртэлээ өгсөж уруудах, салж нийлэх, алдах онохын жаргал, зовлонг бишгүй үзсэн ч эцэстээ шудрага ёсны төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр тууштай байж, чамлахааргүй ихийг бүтээсэн бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, тэдгээрт ажиллаж байсан ахмадууд Та бүхнийхээ хүчин чармайлтаар хэлэх үгтэй, хийсэн ажилтай, харуулах бүтээлтэйгээр шинэ ондоо золгож буйд сэтгэл хангалуун байдаг юм.
Эрхэм хүндэт шүүгч, ажилтнууд, ахмадуудаа,
Таван тансаг идээ нь дэлгэрч, тал дүүргэн буян нь сүрэглэж, нүнжиг ерөөлийн оргил оршиж, мандах нарны цацраг шиг туяа тунгалаг, жаргах нарны илч шиг нөөлөг зөөлөн байж дэнж тэгширч, дэлгэсэн тэнгэрт уухайн баясал цалгиан өргөж, төрийн сүлд, шүүхийн дэнс нь үргэлжид ивээж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье, Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.