Урьд шөнө өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг  албадан тараасан, сайн дураараа эмнэлэг явсан гэх мэдээлэл байгаа.  Энэ талаар бид өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдэд эмчилгээ хийж байгаа эмнэлгийн дарга буюу  Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Клиникийн профессор Ц.Лхагватай ярилцлаа.  

- Өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал зогсоох хэмжээнд хүртлээ муудсан юм уу?

- Олон улсын өлсгөлөнгийн үеийн үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг.  Манайхан маш төвөгтэй, хэдэн талаас ирээд байх юм. Бид нар ажлаа хийж байгаа улсууд.  

- Үнэн зөв мэдээллийг өгөх гээд л тантай уулзаж байна...

- Эмнэлгийнхэн цагдаатай нийлээд хүчээр авч ирсэн гэсэн агуулгатай зүйл яриад байна.  гэтэл бид тийм улсууд биш. Бид тухайн иргэнийхээ эрүүл мэндийг л хамгаалж байгаа улс. Тэгэхээр буруу мэдээлэл яваад байгаа нь төвөгтэй байна.

Бид хэн нэгний тушаал заавраар бус хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Миний тушаалаар өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг гардан   ажиллаж байгаа хүн байгаа. Тэр хүн та нарт албан ёсоор тайлбар өгнө.

Харин таны томилсон Д.Нэмэхбат эмч өрөөндөө байхгүй, утсаа авахгүй байна...

- Олдохгүй ш дээ. Яаж олдох юм. Бид нар сүүлийн гурван өдөр бид нар нойргүй явж байна ш дээ. Урд шөнө л гэхэд бид нар үүрийн 5 цагт харьж байна.

- Өлсгөлөн зарласан хүнд ямар эмчилгээ хийдэг юм бол?

- Би тийм нарийн юм ярихгүй. Мэргэжлийн хүндээ л ярина уу гэхээс та нарт яриад ойлгохгүй ш дээ. Заавал би албан ёсоор хэлэх нь утгагүй.  Бүх хүн наашаа анхаарлаа хандуулчихсан байхад би ярих утгагүй байхгүй юу.

Тухайн хүний эрүүл мэндийг үнэлэмжээр үнэлдэг. Тухайлбал зүрхний цохилт, амьсгалын тоо, ухаан санааны байдал, шээсний гарц, биеийн дулаан алдагдал, даралт, сахар, шокийн байдал зэргийг үзээд үнэлэмжээрээ үнэлээд аюултай гэж үзэх юм бол өлсгөлөнг зогсоож албадан эмчилгээнд оруулах ёстой. Үүнийг зөвхөн үзлэг хийж байгаа итгэмжлэгдсэн эмч шийдэх эрхтэй. Эмч нарын баг хуралдаад шийдвэр гаргана. Тэрнээс бид хүчээр тара гэхгүй. Хүнийхээ биеийн байдлыг бодно ш дээ.

Тэрбээр мэдээлэл өгөх дургүй байсан ч хуулийн дагуу хүнээ бодож эмчилгээ хийсэн гэдгийг дахин дахин хэлж байлаа.  Түүнтэй уулзсаны дараа бид Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдантай ярилцсан юм.  

-Албадан эмчилгээ хийлгээд эхэлсэн үү, ямар эмчилгээ хийж байна?

-Албадан эмчилгээ гэж кальци, уураг нөхнө гэж дусал, тариа хийлгэсэн болоод байж байна. 

-Та бүхний эрүүл мэнд муудаж, амь насанд чинь аюул учраад байсан юм уу?

-Үгүй ээ. Тэгтлээ дор орсон юм алга. Жин 5-8 кг-ийн хооронд хассан байна. Жин нилээн хасагддаг юм байна. Түүнээс биш ядарч зүдэрч, сульдаад байсан сүйдтэй юм алга. Тэртэй тэргүй тэнгэр бурхан  ивээж байна. Газар нутгийнхаа төлөө яваа болохоор харж үздэг юм шиг байна.

-Өчигдөр яг юу болсон  юм бэ?

-Шөнийн 12 цаг өнгөрч байхад төв замын уулзваруудыг хүчнийхэн хамгаалаад эхэллээ. Та нарыг хүчлэн авч явах гэж байгаа юм биш биз дээ гэсэн мэдээлэл авсан байсан. Бид ямар  баригдаж хоригдох юм хийсэн биш. 10 гаран л хоног өлсгөлөн зарлаад хэвтэж байсан хэн ч тоогоогүй. Өчигдөр гэр барилаа гэж тэгж байгаа юм уу мэдэхгүй. Бид 12 хоног гадаа хэвтсэн. 13 дахь шөнөдөө гэрт хонох гээд гал түлээд овоо сайхан тохитой болоод байхдаа цагдаагийн хүчлэн хамгаалалт гэдгийг үзлээ. Харагдаж үзэгдээгүй цэрэг, цагдаагийн том том дарга нар, бамбай хуяг дуулга болсон 300 гаран цагдаа, цэрэг ирсэн. Хамгаалалтад нь гарсантайгаа нийлээд 500 гаад хүн болсон байх. Арав хүрэхгүй хүнд тийм их олон цагдаа гаргах хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Бид нар дайсан нь ч юм уу. Өчигдрийн байдлаар бөөсөнд хутга гэдэг нь болох шиг боллоо. Цагдаагийн албан хаагчид ч гэсэн ардаа амьдралтай, заавал бидний төлөө ажил амьдрал цаг заваа барах хэрэг байсан ч юм уу. Ямар төр засаг байгаа вэ гэдгийг л харууллаа даа.

-Ингэж олон хоног өлсгөлөн зарласаны үр дүн гарсан уу?

-Ямар ч байсан дэлхий дахин өнөөдөр Канадын Сентерра голд гэх компаний эсрэг болчихлоо. Америкийн сайтууд дээр “Ноён уулаа битгий ухуул, монголоос гараа тат” гээд америк иргэд лоозон бариад зогссон зураг тархсан байна. Бидний газар нутгийн төлөө  тэд санаа зовж байна. Тэгэхэд манайд гадныханд газар нутгаа өгөх гэж байдаг. Гадныханд өгөхгүй гэж харамласаны төлөө төр яаж бидний өөдөөс хүч хэрэглэж чадаж байна. Ерөнхийлөгч маань Ардчилсан сайхан шударга нийгэм гэж их ярьдаг. “Төр ард түмнийхээ эсрэг байвал яах вэ. Шударга байцгаая л даа” гэж  хэлдэг нь худлаа юм байна. Бид нар энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн үгийг маш их харж хүлээсэн. УИХ, яам тамгын газрууд нь энэ асуудлаар ард  түмнийхээ эсрэг байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, эв эеийг хичээж, ард түмний эцэг болсон хүн нь арай өөрөөр хандаж, үг хэлэх болов уу гэсэн тэгсэнгүй. Өчигдөр төр төмөр нүүрээ дэндүү сайн харууллаа. Ядарсан сульдсан хүмүүс дээр 400-500 зэвсэглэсэн хүчнийхэн  ирэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Цагдаагийн удирдлагаас хэдэн улсууд ирээд  зөвшилцсөн бол болох л байсан. Бид ямар үймээн самуун дэгдээх гэж байгаа төрийн дайснууд биш. Тийм асуудал үүсгэхгүй л байсан. Өнөөдөр Сентерра гоулд компани монголын төрд яаж нөлөөлж чадаж байгаагаа харууллала. Бид газар нутгаа ухуулахгүй л гэсэн.  Урт нэртэй хуулийг хэвээр үлдээгээч гэж гуйсан. Үгүй гэдгийгээ дэндүү сайн харууллаа.

Өнөөдрөөс бид өлсгөлөнгөө зогсоогоод нойл шөл гэдгийг нь уулаа. Шинжилгээнийхээ хариуг аваад эмчдээ хэлээд гарна. Биднийг эмчлье, туслая гэсэн хувийн эмнэлэгүүд байна.  Тэдэнд ханддаг юм уу гэж бодож байгаа. Заавал энд албадан эмчлүүлэх нэрээр хагас шоронжсон байдлаар цагдаагийн хяналтад доор дусал тариа хийлгэж, харуул манаатай хонох шаардлагагүй. Бид ялтан биш. Зүгээр л газар шорооныхоо төлөө  тэмцэж, гадныхнаас харамлаж, эрх баригдад саад болсны төлөө ийм шийтгэл хүлээх ёсгүй гэж бодож байна.

-Тэмцэл үүгээр зогссон юм уу, цаашид үргэлжлүүлэх үү?

-Яалаа гэж зогсох вэ. Бидний хийсэн тэмцлийн үр дүнд монголын ард түмэн сэрсэн гэж итгэж байна.  Өнөөдөр  хүмүүстэй ярихад Битүүний урд өдөр Гацууртын ордыг Сентерра гоулд компанид өгөхгүй болсон гэж ойлгосон байна.  Ард түмэнд  нь үлдээлээ, ухахаа больчихлоо гэж ойлгуулсанг байна. Уг нь тэр чинь Монголын Засгийн газар 20 хувь, Сентерра голуд 80 хувь эзэмших гэсэн хуулийн төсөл нь л буцаагдсан ш дээ. Тэрнээс биш Ноён уулыг ухахаа больё, ард иргэдэд нь үлдээе гэсэн яриа гараагүй. Тиймээс баярын өдрүүдэд биднийг өлсгөлөнгөө зогсоосон гэж ойлгосон байжээ. Гэтэл битүүний өдөр урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэлэлцээд өөрчлөлт оруулахаар болчихсон. Өмнөх хуулиараа голын голдрилоос 500 метр зайтай байхад л гол дотор ухчихдаг байсан. Бид нар өнгөрсөн жил хэдэн хэдэн газар очиж үйл ажиллагааг нь зогсоож байсан. Гэтэл одоо хуулинд өөрчлөлт олруулснаар 150-200 метр дотор үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгочихлоо. Энэ бол хамаг юм аа тавиад туучихаж байгаатай адил. Гол мөрний асуудлаар тодруулж хэлэхэд, усны хагалбар газар алт олборлоно гэдэг их аюултай. Ялангуяа гадны компаниудын зүгээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох нь бүүр ч аюултай. Тэд хэзээ ч хүний нутгийг хайрлахгүй. Энэ ганц монголын асуудал биш. Монголын гол горхи цөм нийлээд хойшоо Байгаль нуур луу цутгадаг. Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувийн нөөц. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Байгаль нуураа нүдний цөцгий мэт хайрлан  хамгаалахаар бүх төрлийн арга хэмжээг авч байгаа. Тийм болохоор ганцхан монголд ус голыг самрах асуудал биш болчихлоо. Энэ асуудалд Байгаль нуурыг хамгаалах олон улсын нийгэмлэгүүд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Ноён уулын хувьд ч тэр доороо мөнх цэвдэгтэй усан сан байгаа.  Тэгтэл энийг стартегийн ордод хамаарууллаа. Яах аргагүй өнөөдөр ард түмний анхаарлыг хандуулж, дэлхийн өвд хамаарах онгон шүтээнтэй газар гэдгийг мэдүүллээ.  Бид нар өлсгөлөн  зарлаж байхад 23 мянган хүн ирж өөрийн биеэр дэмжиж буйгаа мэдэгдэж гарын үсэг зурлаа. Аймаг орон нутаг гадаадад байгаа монголчууд нийлээд 170 мянган  гаруй хүн гарын үсэг цуглууллааа. Монголын ард түмэн тэмцэх цаг болжээ. Ардчилал буруу хөгжиж байна. Ардчилаллын нэрээр дарангуйлала явагдаж байгаа юм байна. Энэ үнэнийг монголчууд нийтээрээ  харлаа шүү дээ. 

Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүдийн хувьд тэмцлээ цаашид үргэлжлүүлэх бөгөөд шантрахгүй гэдгээ илэрхийлж байсан юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа