“Улс төр ба популизм” сэдэвт эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг “Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулахаар болжээ. Энэхүү хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Улс төр судлаач, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир зэрэг хүмүүс илтгэл танилцуулж, эрдэмтэн судлаачид, олон нийттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд популистууд гэж хэн болох, популизмын хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүнээс гарах сөрөг үр дагаврууд ямар байдгийг тодорхойлох зорилготой гэнэ. Мөн улс төрийн намуудын хөгжил, гадаадын орнуудын улс төрийн намуудын туршлага зэргийг монголын нөхцөлтэй харьцуулан ярилцах юм байна. Хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болох бөгөөд Ийгл телевиз олон нийтэд шууд дамжуулан хүргэх юм байна.