Д.Ганболд: Гаднаас бичиг үсэг оруулж ирсэн нь уугуул хэл соёлоос салгах гэсэн санаархал
2015/03/07
Монгол хэлний тухай хууль батлах ажлын хэсэгт ажилласан МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболдтой ярилцлаа.
-Монгол хэлний тухай хуулийн агуулга, хэрэглээний талаар танилцуулна уу?
-Монголд мэдээлэл дамжуулж буй сонин хэвлэл, FM радио, телевиз зэрэг олон суваг байна. Мөн интернэтийн орчин гэж том орон зай бий. Ийм олон салбар монгол хэлийг олон нийтэд дамжуулж байгаа боловч үнэн зөвөөр нь хүргэж чадахгүй байна. Уг нь хэл гэдэг зүйл нэг дүрэм, дуудлагын хэм хэмжээгээр яриа бичгээ зохицуулдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд дүрмээр зохицуулчихаар учраа олоод байна шүү дээ. Хэрвээ дүрэм зөрчвөл хариуцлага тооцдог, торгодог. Гэтэл хэл өөрөө хэлний зүйтэй дүрэмтэй, бичгийн болон аман ярианы хэм хэмжээтэй атал тэрийг зөрчихөд ямар ч хариуцлага тооцохгүй байна. Энэ нь хууль дүрэм гэж байдаг, түүнийгээ дагаж мөрддөг эсэхтэй холбоотой. Манайхаас бусад оронд хэлний талаар зохицуулсан зүйлийг харахад ер нь өөр юм байна. Маш нарийн нягт заалттай хуулиудыг Төрийн зүгээс гаргадаг. Түүнийгээ дээр хэлсэнчлэн замын хөдөлгөөний дүрэм шиг л хэрэгжүүлдэг юм билээ. Тийм байж л хэлний талаар дур зоргоороо цэцэрхэх боломжгүй болно. Төр нийгэм түшилцэж, яам Тамгын газар хариуцаж, өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүст энэ хамгийн их хамаатай. Тэр хүмүүсийн хэлний мэдлэг нь цэгцтэй, наад захын хэм хэмжээг барьдаг, хэрэгжүүлдэг байх ёстой. Гэтэл манай улсын бусдадаа үлгэр үзүүлж явах ёстой хүмүүс тэгж чадахгүй байна. Энэ бүхнээс л тухайн хүний хэлний боловсрол ямар төвшинд байгаа нь харагдана. Монголчуудын уламжлалт ярианд “Тавхан үгэндээ танигдана” гэдэг. Ер нь хүн өөрийгөө хэл яриагаараа гадагшаа ойлгуулдаг юм байна л даа. Ялангуяа хэлний үүрэг гэдэг зүйл үүн дээр л төвлөрсөн байдаг. Хэлээр хэр зэрэг ойлгомжтой, оновчтой, тодорхой санаа илэрхийлж байна вэ гэдэг нь тэр хүний өөрийнх нь мөн чанар юм. Гэтэл ийм том хүчин зүйл, хэрэглүүр дээр алдаа гаргаад наад захын энгийн хэм хэмжээг барихгүй байна гэдэг бол тэр хүн өөрийнхөө хэн гэдгийг олон нийтэд батлан харуулж байгаа хэрэг. Тийм учраас Монгол хэлний тухай хуулийн талаар нийгэмд янз янзын шүүмж, маргаан, санал гарсан. Жишээ нь, зөв бичгийн дүрмээр бичиж чаддаг хүн байхгүй боллоо, монгол хэл гадаад үгээр бохирлогдоод үгийн сан нь эрлийзжиж байна, монголчууд монгол хэлээрээ ярьж чадахаа болилоо, монгол хэлээр бичиж чаддаг хүн байхгүй боллоо гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн дунд ч гэсэн түгээмэл болсон. Үүнээс үүдэн монгол хэлийг авч үзье гэсэн санаачилга гаргасан байх гэж бодож байна. Нөгөө нэг шалтгаан нь өнөө-дөр дэлхий нийтийн хэмжээнд даяаршил гэгч зүйл хүч түрж байна. Үүний шалтгаан нь хүчний хууль гэж айхавтар зүйлтэй холбогдоно. Дэлхий нийтийн хэмжээнд 3000 гаруй амьд хэл байна гэж эрдэмтэн судлаачид тооцож гаргасан байгаа юм. Өнөөдөр идэвхтэй хэрэглэж байгаа хэл дотор толгойд нь яригддаг таван хэл бий. Хамгийн олон хүн хэрэглэдэг, өргөн нутаг дэвсгэрташигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нийт мэдээллийн сангийн 50-аас дээш хувь нь тэр хэлээр байдаг гэх зэрэг шалгуураар оройд нь таван хэл голлож яриад байна. Тэр дот роо жишээлбэл, англи хэл. Тэгэхээр энэ хэлнүүд хэрэглээ, эд зүйлстэйгээ хамт ороод ирж байгаа учраас яах аргагүй дэлхий нийтийг даяаршуулах түгээмэл шинж чанартай болж байгаа юм. Ингэхээр цаана нь үндэсний онцлогтой бүх зүйл хохирох хандлагатай болно. Үүнийг сөрж зогсох бас нэг том боломж бол өөрийнхөө хэлийг зүй ёсоор нь эзэмшиж, өвлөж, хэрэглэж, дамжуулах асуудал юм. Тиймээс Монгол хэлний хуулийг санаа-чилсан нь зөв зүйл гэж бодож байна.
-Монгол хэлний тухай хуулийг хэдхэн хоногийн дотор ярилцаад шийдчихээгүй. Харин ч хэдэн сар дамжин ярилцсаны эцэст гаргаж байгаа хууль. Тиймээс монгол хэлний хэрэглээ болоод түүнийг дагасан бусад зүйлийг нарийн судалсны дүнд тулгуурлан гаргасан байх?
-Монгол хэлний тухай хуулийг батлах ажлын хэсэгт олон хүн, өөр өөр чиглэлээр үүрэг хариуцлага хүлээж ажилласан. Бас тодорхой судалгааны төвшинд суурилсан. Өнөөдөр кирилл бичгийн хэрэглээнд нэлээд төвөгтэй асуудал үүсч байгаа. Энэ бичгийг 1942 онд Маршал Х.Чойбалсангийн зарлигаар хэрэглэсэн. Манайх кирилл гэж нэрлээд байгаа нь ч буруу юм. Зүй нь бол оросжсон кирилл. Кирилл бичгийг Болгар гаралтай ах дүү хоёр зохиосон гэдэг шүү дээ. Тэгэхээр тэдний зохиосон слав хэл дээр суурилсан цагаан толгойг Орос өөрийн цагаан толгой болгосон, гэхдээ хэлнийхээ онцлогт тохирсон үсгүүдийг бас нэмж хассан байх. Гэтэл нөгөөдхийг нь манайхан цагаан толгойн үсгийн хувьд тэр чигээр нь авч, дээр нь монгол хэлний авиалбар зүйн онцлогт тохируулж хоёр үсэг нэмсэн. Тэр нь “ө, ү” хоёр юм. Өнөөдөр кирилл бичиг жигдэрч өгөхгүй, асуудал дагуулаад буйн гол шалтгааныг хоёр зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, кирилл бичгийн дүрэм монгол хэлний язгуур хэл зүйтэй, монгол бичгийн дүрэмтэй ямар ч хамааралгүй. Учир нь монгол бичиг Дорно дахины хэл зүйгээс улбаалж ирсэн. Өөрөөр хэлбэл, Энэтхэгээс Түвд, Түвдээс Монголд гэхчилэн дам уламжилсан. Учир нь Энэтхэгт Банины хэл зүй анх үүссэн. Энэ нь Дорно дахинд үүссэн анхны хэл зүйн нэг юм. Бас түүнээс арай хожим Х зууны орчимд Түвдийн хааны зарлигаар төрийн түшмэл Тонми Анугийн хөвүүн Тонми Самбодо гэдэг хүн энэтхэгт очиж ном эрдэм сурч ирээд Түвдийн хэл зүйг найман ботиор зохиож өгсөн гэдэг. Түүний дараа барагцаалбал, XIII орчим ард олныг ганцхан хуулийн засгаар захирч болдоггүй юм байна. Оюун ухаан, хэлээр өндөр боловсролтой байж захирах нарийн арга байдгийг ойлгож, төрийг хуулиар засах, номоор засах гэсэн хоёр зүйл байгааг мэджээ. Тэгээд анх Түвдийн сажавагийн ёсны гэгээнтэн Гунгаажалцан бандидаг улсын багшаар залж, монгол хэлний зүйг зохиолгосон гэдэг. Тэгэхээр манай монгол хэлний анхны хэлзүйг түвд хүн зохиосон байна. Үүнээс дүгнэвэл, монгол хэлний зүй гарцаагүй Дорно дахинаас үүдэлтэй. Дорны хэл голчлон үеийн системд шүтдэг үндсэн тогтолцоотой. Гэтэл кирилл бичиг нь авианы системтэй хэл шиг байгаа юм. Энэ нь дуудлагынхаа хэм хэмжээг голлодог гэсэн үг. Үет системтэй хэл бичгийн хэлний хэм хэмжээг голлоно. Тэгэхээр үүнийг нь хүчээр зөрччихөөд монгол бичгийг элдвээр муулж, доромжлох санааг дотор нь суулгаад өгчихсөн байна. Бичиг үсэг солино гэдэг нь өвлөж уламжилж ирсэн үүх түүхийг нь үгүй хийх, ёс заншлынх нь хамаг нарийн нандин зүйлийг устгаж байгаагаас өөрцгүй. Үүнийг л үндэсний дархлаа сулруулах гэж яриад байгаа юм.
-Монгол бичгийг анх удаа сургах талаар яриагүй. Одоо ч гэсэн ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн хичээлийг зааж л байна. Хэрвээ энэ сургалтын арга зөв байсан бол хүндээ наалдаад өдийд дахиж судлах талаар ярихгүй байх боломжтой байсан шүү дээ?
-Арга зүй энэ тэр гээд өөр зүйлд наагаад байх шалтгаан ховор. Яагаад гэхээр өмнө нь бичгийг нь үгүй хийсэн. Үндсэндээ бичгийн хэл гэж үгүй болохоор хэл нь байхгүй болж байгаа юм. Ярианы хэлд суурилсан кирилл бичгийг оруулж ирснээр дуудлагын хэм хэмжээнд тааруулсан шинэ бичиг зохиосон. Үүнээс болж яриа бичиг хоёр салсан. Тэр нь мэдээж авианы хэлзүйд тохируулсан зүйл учир таарахгүй нь ойлгомжтой. Ингээд таарахгүй болохоор сурах төвшний ялгаа гарч ирнэ. Тиймээс монгол бичгийг заах юм бол заадаг аргаар нь л заах хэрэгтэй.
-Ямар аргаар заана гэж?
-Манайд уламжлалт арга бий. Одоо бол бид европын сургалтын аргаар хичээл зааж байна. Ер нь монголчуудын багш шавийн сургалтын систем гэж өөр зүйл байсан юм билээ. Гэтэл одоо хүүхдүүдийг хүчээр нэг ангид оруулаад хичээл заадаг. Энэ хичээл заадаг систем бол овоохон туйлшралын систем шүү. Гэтэл сурах бололцоотой ч хүн байна, бололцоогүй ч хүн бий. Дорно дахины хичээл заах систем гэж онцлогтой зүйл байдаг. Үнэхээр хичээл ном сурахыг хүсч байгаа хүмүүс багшаа өөрсдөө сонгоно, олно. Гэхдээ багш нь хүссэн бүхнийг шавь болгох боломжгүй. Монгол бичигтэй холбоотой нэг, хоёр зүйл Монгол хэлний хуульд тусахаар зарим нэг мөчид хүн гоочилж л байна. Ажиглахад голдуу гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүс энэ талаар илүү яриад байх шиг. “Жин явж байна, жингэр хуцаж байна” гэж үг байдаг даа.
-Монгол хэлний тухай хууль гаргах шалтгааныг тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ юунаас үүдээд яаравчлан энэ талаар шийдэх болов?
-Ярианы горимд тохируулсан зохиомол хэл зүй, орчуулгын хэл зүйтэй өнөөдрийг хүрсэн учраас цааш явж болохгүй байна. Дуудлагад тааруулсан, хэл зүй, зөв бичих дүрэмтэй болохоор эх хэлний маань уугуул язгуур эвдэрч байна. Тэр язгуураар дамжиж ирсэн утгыг хүн ойлгохгүй болж байна. Үүнээс болоод 1930-1940-өөд оноос өмнөх бүх мэдээллийг үзэж, танилцах хүнгүй болжээ. Үүнээс шалтгаалж, зөвхөн кирилл бичгээр байгаа мэдээ сэлтийг л юм гэж үздэг болж, бусдыг нь санаатай, санаагүй орхиж байна шүү дээ. Тэгэхээр бичиг үсгийн ач холбогдол гэж юу юм бэ. Өмнөх он цагт үлдсэн бүхнийг агшааж авч үлдсэн ганц зүйл нь бичиг үсэг, хүний түүхийн язгуур гуравхан ололтын нэг. Тиймээс тэр өмнөх мэдээлэл рүү орж чадахгүй байх нь үнэхээр харамсалтай. Ерөөсөө гаднаас бичиг үсэг оруулж ирсэн нь уугуул хэл соёлоос нь салгах гэсэн санаархал юм. Тэгэхээр хэл-засаглал гээд байгаа зүйлийн цаана ийм нарийн зүйл бий.
-Монгол бичгийг ерөнхий боловсролын сургуульд заасаар л ирсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр гадуур явж байгаа арван хүний хэд нь уугуул бичгээрээ уншиж, бичиж чадах бол?
-Мэдээж бэрхшээл тоочвол үй түмээрээ байгаа. Хувь хүний монгол бичиг сурсан, сураагүй гэдэг нь тухайн хүнтэйгээ холбоотой. Тандалт судалгаанаас үзвэл, монгол бичгийг уншиж чадах хүн нийт хүн амын 50 хувиас дээш үзүүлэлттэй байсан. Тэгээд уншаад ойлгож байгаа хүмүүс дунд бичгийн чадвартай хүн 10-20 хувь гэсэн байна лээ. Үүнээс харахад Монгол төрийн үйл ажиллагааг уугуул хэл бичгээрээ хөтлөх бүрэн боломжтой нь ойлгомжтой байна. Учир иймд бид байгаа нөөцдөө тулгуурлан цааш дэлгэрүүлэх хэрэгтэй. Даяаршилд хамаг зүйлээ алдчихаад дараа нь өөрийгөө хэн гэж цоллох вэ. Манай улсад ирж буй гадаадын иргэд хаана ирснээ мэдэхгүй гайхдаг гэсэн. Энэ чинь цаанаа бас нэг зүйлийн талаар хэлээд байгаа хэрэг. Гэтэл хамгийн ойрын Оросын тосгон руу ороход тэнд ямар хэлээр хаяг самбараа бичиж, хэрэглэж байгааг харж болно. Энэ чинь л манайх замбараагүй хэлний хэрэглээтэйг илтгээд байгаа юм. Нөгөө талаар өөрийнхөө соёлыг тоодоггүй юм байна гэдгийг харуулж байна. Тэдэнд монгол хэл, бичгийг заасан уу, заасан. Үүний талаар дэлгэрэнгүй ухаж яривал монгол хүн мөн үү гэдгийг ухаж, ойлгуулж өгч байгаа юм. Хэрвээ монгол хүн мөн л юм бол язгуур угсаа, үүх түүх, өвөг дээдсийнхээ оюуны үнэтэй өв сантай яавал танилцаж болох талаар өөрсдөө эрэлхийлэх учиртай юм. Өнөөдөр монгол бичиг сурахыг хүсээгүй хэсэгт нь тохируулаад эх хэлний язгуурыг бүрэн устгаж болохгүй биз дээ. Ингэх эрх ч байхгүй. ЮНЕСКО-оос хүртэл “Танайх монгол бичигтээ анхаарал тавихгүй бол монгол бичиг чинь устлаа шүү” гэж анхааруулсан гэж анхааруулсан тухай УИХ-ын гишүүн М.Батчимэг ярьж байсан.Энэ чинь ичгэвтэр зүйл шүү дээ.
-Монгол хэлний хууль төрөхтэй зэрэгцэн үүнтэй холбоотойгоор үүсэх эдийн засгийн зардлын талаар ярьж эхэлсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг шинэчлэх?
-Одоо хэрэглэж байгаа монгол хэл, бичгийн сурах бичгийг дахин хэвлэлгүйгээр сургалтад хэрэглэх бүрэн боломжтой.
-Гадаад хэлийг орчинд нь сурахад хялбар байдаг талаар бид ярьдаг. Гэтэл монгол бичиг сурахад шаардлагатай орчин бидэнд байгаа бил үү. Одооноос ганц нэг байгууллага хаягаа уйгаржин бичгээр бичиж байгаагаас өмнө нь тийм зүйл байдаггүй байв?
-Санал нэг байна. Гэхдээ одоогоор үүнийг зохицуулах эрх зүйн орчин хүчин төгөлдөр болоогүй байна. Саяын баталсан Монгол хэлний тухай хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хаяг сэлтийг ямар бичгээр байх вэ гэдгийг нарийн зохицуулаагүй. Гэхдээ хууль нь олигтой цаазгүй, торгууль шийтгэлгүй учраас дагаж гарсан дүрэм журам нь хэрэгжээгүй байхаа. Харин Монгол хэлний тухай хууль хэрэгжээд ирэхээр энэ бүх зүйлд өөрчлөлт орно. Үгүй ядахад, монгол бичгээр бичсэн зүйлийн хажууд кирилл нь байна. Тэгээд шаард лагатай бол англи хэлээр бич нэ гэх зэргээр заасан. Хууль хэ рэгжээд эхлэхээр болох байлгүй дээ.
-Энэ хуульд заасан хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг тийм газраас тодруулна гэсэн заалт бий юү?
-Заагаагүй. Зөвлөлийн гишүүний тоог ч хэлээгүй. Одоо хуулиа дагаад түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа хуулийн этгээд өөрөө дүрэм журмаа боловсруулах ёстой. Тэр журамдаа зөвлөлийн гишүүдийг хаанаас бүрдүүлэхээ тооцох байлгүй дээ. Түүний дараа хуулиа хэрэгжүүлээд бодлогоо бариад явна гэсэн үг. Ер нь ингэж замбараагүй явбал хэлний дархлаа суларна. Хэлгүй бол монгол түмэн яах юм бэ. Нөгөө Монголын тусгаар тогтнолын тулгын гурван чулууны нэг нь байхгүй болно шүү дээ. Үүний цаана тусгаар тогтнолын тухай яриад байна. Нөгөө талаас засаглалын том асуудалтай холбоотой.
-Ярианы хэл, бичгийн хэлнээс ялгагдахгүй болж, идэвхгүй нөхцөлүүдийг хэрэглэх нь олширчээ. Энэ нь магадгүй бичгийн хазгай орчуулга түгэн дэлгэрч байгаатай холбоотой болов уу?
-Бичгийн хэлийг ярианы хэлээс ерөөсөө ялгаж хүчрэхээ больсон. Үүний гол шалтгаан бол ярианы хэлэнд суурилсан хэл зүй орж ирсэнтэй холбоотой. Дуудлага чинь яриа шүү дээ. Дэлхийн хэлний түгээмэл ойлголт гэж бий. Ер нь бичгийн хэл их тогтвортой байдаг. Хэрвээ өөрчлөхөд хүрвэл томоохон ажлын хэсэг байгуулдаг. Яагаад гэвэл бичгийн хэл цаг хугацааг дамжуулж өгч байгаа зүйл. Маш их ач холбогдолтой. Үүний тод жишээг англи хэлний хэрэглээнээс ажиглаж болно. Уг нь түүхээс авч үзвэл англи хэл зохиомол хэл. Хамгийн анхны программын хэл гэж хэлж болно. Тэгсэн мөртлөө хэлний бодлогоо зөв хэрэгжүүлээд ямар их амжилт олов. Өнөөдөр 700 гаруй сая хүн эх хэлнийхээ хэрэглээнд англи хэлээр харилцаж байна. Гэтэл англи хэлний бичгийн хэл, ярианы хэлнээс ямар их зөрүүтэй гэж санана.
-Гадаад үгийг монголчлох талаар яриад байгаа. Энэ нь хэр оновчтой ажил юм бол?
-Гадаад үгийг монголчилж болно л доо. Манайд ч гэсэн харь хэлнээс орж ирсэн үг тодорхой төвшинд бий. Ер нь уугуул монгол үг хэдэн хувийг эзэлдэг вэ гэдэг нь бас нэгэн том асуудал. Жишээ нь, цонх монгол үг мөн үү. Гэтэл энэ нь хятад хэлний “чүанху” гэсэн үг. Дохио талаасаа самуурахгүй бол гадаад үгийг яаж ийгээд монголчлох нь зөв. Дохио нь хоорондоо самуурахаар бол тэр гадаад үгийг авч хэрэглэхээс өөр аргагүй болдог. Гэхдээ гадаад үгийг авч хэрэглэхдээ хэлний хэрэглээний хэмнэх зарчим гэж бий. Утгыг нь орчуулаад олон үгээр хэрэглэхээр байвал мэдээж аль болох богино хэлбэрээр нь хэрэглэвэл амар байж таарна. Анх компьютер гэдэг үгийг орж ирэх үед нь орчуулах гэж өчнөөн л юм болж байсан. Гэвч өнөөдөр бид компьютер гэдэг харь хэлний үгийг хэвээр нь хэрэглэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд олон улсын шинж чанартай үг хэллэгийг байгаагаар нь аваад хэрэглэхэд буруудах зүйлгүй. Хэл бол угаасаа бие биенээсээ авдаг, дамжуулдаг, тогтолцоо. Хаалттай бус нээлттэй тогтолцоо юм.
Зочин · 2015/06/13
:like