...Чи бол миний амьдралын хайрлаж сонгосон хайр бас чамд итгэсэн хань минь...Тиймээ хүн бүр хайртаа итгэж ханилан суудаг. Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хайр, халамж, итгэл, хүндлэлийг нөгөө биенээсээ хүсдэг. Хүсэл тань биелэхгүй болох аваас өөр хэн нэгнийг хайх, өөрийн үнэнчээр хайрлана гэсэн амлалтаасаа няцах үе бүү гараасай гэдгийг сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж байгаа "Аюултай харилцаа" кинонд өгүүлжээ. 

 

Хосууд тэр тусмаа залууст эл асуудлыг дайрч биш тойрч гаран хамтдаа гэр бүлийнхээ төлөө нэгэн хүслээр жигүүр хийн амьдрахыг хүсч уг асуудлыг хөндөн дэлгэцийн бүтээл болгон ухаарал хайрлах цаг нь ирсэн гэдгийг сануулах шиг. Учир нь амьдрал дээр эл асуудал хэдийнээ бидний өмнө дэлгэгдэн тавигдчихсан. "Нууц" гэж байдаггүй. Хэзээ нэгэн цагт сөхөгдөн илэрдэг. Нуух тусмаа бусдын зүрхийг нь шархлуулж, эмтэлдэг. Хүчирхэг, зоригтой нь ухаалгаар шийдэж хайртыгаа уучилж амьдралаа үргэлжлүүлдэг бол эмзэгхэн нэгэн даван туулах гэж байдаг хүчээ шавхна. 

 

Амьдралын эрээн, барааныг хамтдаа туулна гэсэн амлалтаа биелүүлж, гэр бүлээ нандигнан хайрлаагүйгээс болж "үр хүүхэд"-д нь ч аюул учирч болзошгүй тохиол ирдэг гэдгийг мөн хөндөн гаргажээ. 

Гэр бүлийн үнэ цэнийн чухлыг "таны болон бусдын" сэтгэлд хоногштол үзүүлэх "Аюултай харилцаа"-г залуус үзээд алдахгүй байхыг сэрэмж болгон яваарай. 

Уг кинонд эсрэг дүрийг МУСТА жүжигчин Г.Отгонцэцэг, эерэг дүрд Х.Баярмаа, өөрийнхөө үнэ цэнэтэй амьдралаа бусниулагчид Ц.Мөнхтөр, Түүгээр яваа гайг үүгээр бүү дууд дохиог өгсөн найруулагч Ц.Хүсэлбаатар нар сэрэмжийг  тун чадварлаг гаргажээ.

Д.Ана