Манай улсын хүн амын дунд ажилгүйдэл нүүрлэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 46.7 мянга болж, 25.0 мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 мянган хүн буюу 0.8 хувиар өссөн гэх судалгаа гарчээ. Хөдөлмөрийн яаманд нээлттэй ажлын байр нэлээдгүй их байдаг гэх. Тэгсэн атлаа ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь хачирхалтай. 

Ажилгүй иргэдийн ихэнхи нь ажлаа идэвхитэй хайдаггүй гэх шалтгаанаар бүртгэлээс хасагддаг ажээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 16.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна. Гэтэл 20.0 мянган иргэн ажил хийхийг нэг их хүсдэггүй бололтой. Идэвхитэй ажлаа хайдаггүй гэх шалтгаанаар хасагджээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.1 мянган эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 пунктээр өсчээ. Эдгээр ажил хайж байгаа иргэдийн 1.1 хувийг магистр, доктор, 31.1 хувийг дипломын болон бакалаврын, 7.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 43.6 хувийг бүрэн дунд, 6.9 хувийг суурь, 2.0 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, диплом өвөртөлсөн "идэвхигүй  ажилчид" хэмээн хэлж болохоор. Тэдэнд ажлын байр олдохгүй байгаа шалтгаан нь цалин, нас харгалзах асуудлаас үүдэлтэй биз. Өнөөгийн энэ нийгэмд нэг шинэ ажилд орьё гээд анкет бөглөөд хөөцөлдөхөд дор хаяж гурван шалгуур давж байж нэг ажлын ярилцлагад ордог. Мөн шалгуураа давчихлаар "манайх таныг нэг сар цалингүй ажиллуулна" гэх асуудал яригдаж ажил олгогч "та орвол ор үгүй бол боль" гэсэн үгийг наад захын байгууллагын үүдээр ороход сонсоно. Тухайн ажил хайгч өөрөө мөнгөгүй аминдаа орлоготой болох гээд ажилд орох гэж буй нь энэ. Гэтэл өөдөөс нь бүтэн нэг сар цалингүй явна. Дараа нь жинхэнэ ажилтнаар авах эсэх нь тун эргэлзээтэй зүйлд хэн ч цагаа үрэхийг бодохгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр хэн ч бас танихгүй хүнийг ажилдаа хэр гэдгийг нь мэдэхгүйгээр авна гэдэг бас л асуудал. Тиймээс энэхүү бичигдээгүй хуульд хяналт тавих зайлшгүй шаардлага тулгараад буйг холбогдох байгууллагынхан анхааралдаа авах хэдийнээ болсон.

Ажил олгогчид тэнцэх мэдлэг боловсрол, ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин тэр бүр байдаггүй, ажлын шаардлага хангадаггүй гэсэн тайлбарыг ажил олгогчид өгдөг. Тэгвэл дээр үед их, дээд сургуулиа төгссөн хүнийг дадлагажуулагчаар авч ажиллуулж дагалдан хийлгэсээр ажилд нь чиглүүлж өгдөг сайхан заншил өдгөө алдагдсан. ҮИйм систем нь устаж үгүй болон ганц амин хувиа бодогчид хэт олширч "шинэхэн төгсөгчид" хий дэмий диплом өвөртлөгчид болон хувирч байгаа нь тод жишээ манай өнөөгийн нийгэмд зурагдан үлдээд байгаа билээ.

Түүнчлэн ажил хайгаад явахаар "цалин" хэт бага, тэгсэн мөртлөө ажиллах цаг нь хэт их зэрэг олон шалтгаан байдаг гэдгийг ажил хайгчид хэлдэг. 

Тэгэхээр ажил хайгч, ажил олгогч нарын хэнээс нь болж ажилгүйдэл нэмэгдэж байна вэ. Нээлттэй ажлын байр бий. Гэтэл ажил хайгчид шаардлага хангаж тэнцэж чадахгүй байна гэх. Диплом өвөртөлсөн "идэвхгүй ажилчид"-ын гол буруутан хэн бэ таны хувьд. 

 

Х.Даваа