Төрөлхийн зүрхний 2 ховдол нь хөгжөөгүй зүрхний гажигтай гэсэн оноштой 8 сартай Б.Хулан охинд зориулсан "Мөнх цохилох зүрх 2" халуун сэтгэлийн аяны хүрээнд "Бид залуусын давалгаа" ТББ-аас хандивын олон арга хэмжээг санаачилан хэрэгжүүлжээ.

Сайхан сэтгэлийн тус хэзээ ч багададгүй тиймээс ШШГЕГ-ын удирдлага, хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан тус аянд нэгдэж, "Бид залуусын давалгаа" ТББ-аас зохион байгуулсан бооцоот сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах нөхцөл боломжоор хангаж, байгууллагынхаа спорт заалыг нэг өдөр үнэ төлбөргүйгээр чөлөөлж өгчээ.

Ингэснээр зохион байгуулагч байгууллагаас бооцоот сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тэмцээнээс олсон мөнгийг охины эмчилгээний зардалд хандивлажээ.

            Одоогоор Б.Хулан охины биеийн байдал тун тааруу байгаа бөгөөд Энэтхэг улсад яаралтай 30 сая төгрөгийн үнэтэй хагалгаанд 3 дугаар сарын 27-ны өдөр орохоор болжээ.

            Түүнчлэн түүний ээж Баярцэнгэл нь 2 настай хүүгээ нуруундаа үүрээд, 8 сартай Б.Хулан охиноо тэргэнд түрээд, 8 настай охиноо хөтлөөд Бэлхийн тоосгоны үйлдвэрээс Сансарын 97 дугаар сургууль руу хичээлд нь хүргэж өгдөг өрх толгойлсон эмэгтэй юм байна. Бяцхан охинд амьдрал хайрлах тус аянд нэгдэцгээе.