Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж  өнгөрсөн оны 12-р сараас эхлэн хураасан байна.  Үүнийг зарим эцэг эхчүүд эсэргүүцэж байсан ч мөнгөө хураалгасан ажээ. Тэгвэл энэ асуудалд  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газраас тус цэцэрлэгт шалгалт хийсэн байна. 

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж бид тоглоомын явцад хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэг дээр тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх  сургалттай танилцаж хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно”  гэж үзэж байгаа талаараа  танилцуулсан байна.

 Эцэг эхийн  зөвлөлийн гишүүд  ангиудаасаа 12 дугаар сарын 10-даас эхлэн нэг эцэг эхээс 10.0-48.0 мянган төгрөгийг хураан авсан нь нийт 12.546.0 мянган төгрөг болсон байна.

 Монгол улсын Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн чиг үүрэг нь хөгжлийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтанд санал өгөх, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй байдаг.

 Гэвч өнөөдөр ангиудад  тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэг дээр байхгүй хурааж авсан эцэг эхчүүдийн гар дээр байсаар байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2010 онд хууль бусаар хандив хураамж авч шийтгэврийн арга хэмжээ авагдаж байсан зөрчил  давтагдсан байна.

А.Баярмаа