“Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн уран сайхны кино ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ. Уг киноны гол дүр болох Үнэг Цоомоогийн дүрд тоглож байгаа СУИС-ийн оюутан, загвар өмсөгч Н. Намуунцэцэгтэй ярилцлаа. Тэрээр мөдхөн БНСУ- руу жүжигчний мэргэжлээрээ  явж суралцах ажээ. Мөн залуу жүжигчинд Милан улсаас загварын агентлагт ажиллах санал ирсэн байна.

 

- Та одоо “Хар сувдны нууц”киноны гол дүрийг бүтээж байна. Энэ таны анхны дүр үү эсвэл?

-“Хар сувдны нууц” кино миний анхны уран бүтээл. Манай найз нэг өдөр “Хар сувдны нууц” кинонд проб хийж байгаа гэхээр нь яваад очтол шууд шалгаруулалтандаа авсан. Тэгээд л зохиолоо аваад уншиж  эхлэхэд бүх зүйл нь тодорхой, хөгжилтэй байсан учраас өөрийн эрхгүй сэтгэлд буусан даа. Инээх үе дээр нь инээгээд , уйлах үед нь уйлаад ерөнхийдөө өөртөө итгэлтэй байсан.Ингэж    кинонд анх тоглож гоё хамт олонтой болсондоо өөрийгөө азтай гэж бодож байгаа.

-Дэлгэцийн урлагт хүч үзээд удаагүй байгаа болохоор  мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй гарна. Тиймээс  туршлагатай жүжигчдээс суралцах зүйл их байсан биз?

- Анхны бүтээл учраас хэцүү зүйл гарсан ч аль болох уурлаад байхгүйгээр  дүрээ яаж илүү гоё болгохов гэдэг ухагдхуунд суралцахыг хичээсэн. Ах эгч нар маань дүрийнхээ үйл явдлыг өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа мэтээр төсөөлж дүр дотроо орж тоглох гэх мэт зүйлүүдийг маш сайн тайлбарлаж хэлж өгсөн.

-Дүрээ манай  уншигчдад  бага ч атугай сонирхуулахгүй юу?

-Үнэг Цоомоо гэдэг зальтай хүүхний дүр. Зарим хэсэг дээрээ надтай төстэй юм шиг бас үгүй ч юм шиг гэнэхэн мэдрэмж төрж байсан л даа. Уншлага эхнээсээ сайн явагдсан болохоор дүрдээ орж чадсан гэж  бодож байгаа.

-Яваандаа загвар өмсөгч, жүжигчин хоёрынхоо алинд нь илүү хүч сорих вэ?

-Загвар урлаг хоёроороо зэрэг явна. Аль алинд нь сонирхолтой. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байдаг.

-Киноны гол дүрд тоглох чиний хувьд бахархалтай зүйл. Гэхдээ зураг авалтын үед халширмаар шантармаар зүйл хэр гарч байв даа?

-Зураг авалт Вьетнам улсад хийгдсэн. Тийм учраас нэгдүгээрт эх орондоо биш дээр нь  киноны гол дүр ямар байдаг юм, бас  жүжиглэнэ гэдгийг ч мэдэхгүй анхан шатны мэдэгдэхүүнтэй л  байсан. Энэ утгаар мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Энэ дундаас далайн эрэг дээр дуу чимээ ихтэй би энэ хэсэг дээр чанга ярих байсан нь  илүү хүндрэлтэй санагдсан. Тухайн үед найруулагчдаа зэмлүүлсэн ч гэсэн хамт олноо дэмжихэд нь тайвширсан. Вьетнам руу явахдаа очоод яаж дүр дээрээ ажилланаа гээд санаа зовж байхад Алтаншагай Дээгий ах нар бүр дүрдээ орчихсон маш сайн уншаад чи тэг гээд зааж зөвлөж байсан. Гэтэл би  маргаашийнхаа дүрийг төсөөлөөд унтаж ч чадахгүй байлаа шүү дээ.

-Таны дээд үеийнхнээс тухайлбал топ модель Пүрэвсүрэн жүжиглээд загвар өмсөөд сүүлдээ топ модель болчихлоо. Танд тийм бодол байдаг уу?

-Угаасаа би топ модель болно гэж боддог.Үүнийхээ  хажуугаар жүжигчнээрээ ажиллаад жүжигчин гэдэг цол хүртэхийг хүсдэг. Миний хувьд Пүрэвсүрэн эгчтэй ажил мэргэжлийн хувьд ижил төстэй. Пүрэвсүрэн эгчийг  үзэсгэлэнтэй, биеэ гоё авч явдаг болохоор түүгээр нь бахархаж явдаг. Тийм учраас Пүрэвсүрэн эгч шиг загвараараа ч жүжигчнээрээ ч явна гэж боддог. Гэхдээ түүнийг дууриаж байгаа юм биш ээ анхнаасаа л надад ийм мөрөөдөл байсан.

-Та одоо дөнгөж л урлагийн ертөнцөд хөл тавьж байна. Гэсэн ч би жүжигчин болоод тийм л нэг дүр бүтээчих юмсан гэсэн бодол байдаг биз?

-Би одоо шинэ байна, залуу байна. Одоогийн бүтээж байгаа Үнэг Цоомоогийн дүр миний мөрөөдөж байсан дүр учраас хүсэл мөрөөдлөө эхнээсээ биелээд байна гэж бодож байгаа шүү. Ер нь би  зодолдож цохилцдог хөгжилтэй дүрд дуртай.

-Загварын агентлагийн багш тань хэн бэ?

-Топ модель Болормаа багш дээр загвар өмсдөг. Монгол модель агентлагт загвар өмсөөд хоёр жил болж байгаа.

- Жүжигчдээс хэнийг илүү бахархан дууриах дуртай вэ?

-Эрдэнэ заан ах, Баярмагнай ах, Алтан шагай ах, Батаа ах, Эрхэмээ ах, Навчаа эгчийг бүгдийг нь шүтдэг. Маш мундаг жүжигчид. Багаасаа л Мөнхсайхан ах, Эрдэнэ заан ах  нарын тоглодог  “Сүнстэй байшин”, “Хадлан” дээр зэрэг жүжгүүдийг байнга үзэж баясдаг байлаа.Харин одоо энэ ах нартайгаа танилцаад дунд нь орж ажиллаад ирэхээр бүр гоё байдаг юм байна.     

 

Ярилцсанд баярлалаа 

 Д.Нэргүй