Урлагийн сайхан бүсгүйчүүлийн нэг ҮДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Д.Оюунжаргалтай ярилцлаа.Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Оройн дээд” дуулалт жүжгийн  11 дүгээр оны үеийн эмэгтэйн  дүрийг бүтээжээ. Түүнийг Төрийн соёрхолт, УГЗ С. Сүхбаатарын гэргий гэдгээр нь үзэгчид андахгүй. Хүү С.Амармандах, “Хатариш” дуугаараа олонд танигдсан С.Амарбаясгалант нар нь мөн л урлагийн замаар замнаж явна.Тиймээс тэд гэр бүлээрээ тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.

-Та “Оройн дээд” жүжигт гол дүрийн хэмжээний дүр бүтээлээ. Дуучин хүнээс нэлээд ур чадвар шаардсан байх даа?

-11 дүгээр оны ард түмний төлөөлөл болсон хүүхэд тэвэрсэн ядарсан эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тоглолт маань ард түмний хүсэн хүлээсэн уран бүтээлч болж чадсан гэж үзэгчид ам сайтай байна лээ. Миний дүр дуулах, уйлах жүжиглэх гээд “Оройн дээд” жүжгийн гол зангилаа хэсэг шүү дээ. Тийм учраас өндөр ур чадвар шаардсан дүр байсан.

“-Хар сарнай” хамтлагтай хамтарч ямар уран бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?

-Хэд хэдэн уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Тухайлбал анх дуулж байсан “Миний ээж” дуугаа сэргээж дуулна. Дээр нь ардын сайхан шинэ дуунууд хийхээр төлөвлөсөн байгаа. Удахгүй том Амраа маань “Миний ээж”дууныхаа хөгжмийн найруулгыг бичээд бид хоёр хоолойндоо бичлэгтээ орно. Мөн хамтарсан шинэ цомгоо гаргах бэлтгэл ажилд орсон байгаа. Бага Амраа хоёр, гурван дуу хийгээд шинэ клипийн ажилдаа орсон. “Би ганцаараа биш”, “Чи хэн бэ” зэрэг гүн ухааны дуунууд хийсэн байна лээ.

-Та бүхэн гэр бүлийн уран бүтээлчид. Тиймээс танай гэр бүлд уран бүтээлийн халуун яриа өрнөж байдаг  байх даа?

- Тэгэлгүй яахав. Бие биенийхээ уран бүтээлийг алдаагүй сайхан болоосой  л гэж бодно шүү дээ. Тухайлбал тэр хэсэг дээрээ тийм зүйл оруулаарай тэгж дуулаарай гэх мэтээр бие биедээ зөвлөлгүй яахав. Бас төрийн соёрхолт бүжиг дэглээч Сэвжид гуай, төрийн соёрхолт С.Сүхбаатар, хүү С.Амармандах, С.Амарбаясгалант,  МУГЖ Цэрэннадмид нарын урлагт бие сэтгэл, хүч  хөдөлмөрөө зориулсан он жилийг тооцох юм бол 100 гаруй жил болж байгаа.

- Та монголын ард түмний хайртай дуучин Норовбанзад гуайн шавь. Багшаараа үргэлж бахархаж явдаг биз?

- Би энэ ертөнцөөс хайгаад ч олохгүй сайхан хүний шавь болсондоо бурханд баярладаг. Багшийнхаа хамгийн хайртайотгон шавь нь болж олон жил хамт явсан. Гэрээр нь очиж гарынх нь хоолыг идэж шинэ уран бүтээл хийвэл багшдаа сонсгож, дэлгүүрээс шинэ хувцас авсан ч аваачиж үзүүлдэг ийм л дотно ээж шиг минь хүн байсан даа. Багшдаа зориулж “Наран ээж” шүлэг бичсэн.Тиймээс би багшийнхаа ачаар өдий дайтай яваа гэж боддог.  Бас өөрөө хоббигоор “Хожуу учирсан хайр” ,”Нутгийн ах” зэрэг дууны шүлэг бичиж хөгжмийн зохиолчид өгсөн.

-Таны уран бүтээлийн урын санд дархад хотгойд дуу олон байдаг?

-Би 20 гаруй жил ҮДБЭЧ-д дуучнаар ажиллахдаа дархад хотгойд дуундаа үнэнч явж ирсэн. Ардын дуу хүнийг хүмүүжүүлэх асар их шид шидтэй урлаг шүү дээ. Ухаарал, бодрол, хайрлах энэрэх, сэтгэлийг ардын дуунаасаа авдаг болохоор ард түмэн дуулах дуртай байдаг. Ардын дуунд 30,70,100 бадаг бий. Би зөвхөн гурван бадгийг л дуулдаг. Одооны зохиолын дуучид шиг шууд утгаар нь дуулах нь их ховор. Анх ардын дууг сурч байхдаа үгийн утга агуулга, гүн ухааныг олох гэж их хичээдэг байлаа.

-Та үргэлж гоё сайхнаараа байдаг. Энэ бүхэнд  дотоод гоо сайхан, сэтгэл их нөлөөлдөг юм шиг?

-Хүн дотроосоо гэрэлтэм сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгвэл хүн үргэлж залуугаараа харагдана. Мөн чөлөөт цагаараа шүр сувд хэлхэж, найз нөхөдтэйгээ уул хаданд авирч уулзаж сонирхолтой яриа өрнүүлж амьдралын аз жаргалыг  авдаг даа.

Ярилцсанд баярлалаа

Д.Нэргүй