Хүнсний бүтээгдэхүүний дөрөвний нэг нь хэрэглэгчийн гар дээр очихоос өмнө мууддаг
2015/04/07
Манай улс сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал эрсдэлтэй байгаа гэхэд болно. Иргэд худалдаж авч буй хүнсний бүтээгдэхүүндээ тэр бүр анхаардаггүй. Өдөр өнжихгүй хоол хүнснээс өтнөөс авахуулаад элдэв зүйл гарч ирэх нь энүүхэнд болсон.
Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэснээс болж дэлхийн хэмжээнд жил болгон 2 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоо бий. Тиймээс жил болгоны дөрөвдүгээр сарын 7-нд тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг 2015 онд “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХХААЯ, ДЭМБ, МХЕГ-аас мэдээлэл хийв.
Хүнсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн төрийн болон төрийн бус байгууллагагуудын хариуцах асуудал биш, бүх нийтийн хамтын хариуцлагын асуудал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдээс эхлээд хүнсний худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид хүртэлх хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүхий л шат дамжлага дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс хүнсний худалдаа эрхлэгч, хэрэглэгчдэд зориулсан хүнсийг аюулгүй байлгах таван түлхүүр аргыг ДЭМБ дараах байдлаар тодорхойлжээ.
Түлхүүр 1: Гараа угаа
Түлхүүр 2: Болгосон ба түхий хүнсийг тус тусад нь байлга
Түлхүүр 3: Хүнсийг сайтар чанаж болго
Түлхүүр 4: Хүнсийг аюулгүй хэмд хадгал
Түлхүүр 5: Аюулгүй ус, түүхий эд материал ашигла
Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүс нутагт гарсан хүнснээс гаралтай өвчний томоохон дэгдэлтүүдээс дурьдвал:
2008 онд хүүхдийн тэжээл меламинаар бохирлогдсоноос зөвхөн БНХАУ-д л гэхэд 51’900 орчим нярай, бага насны хүүхэд хордож, зургаа нь нас барсан байна. 2011 онд Японд болсон газар хөдлөлт, далайн хар шуурганы улмаас мөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр Фукушимагийн цөмийн цахилгаан станцын реактороос цацраг идэвхт бодис алдагдаж, хөрс, агаар мандал, хүнс, усыг бохирдуулсан. Улмаар түүхий сүү, хүнсний ногоонд цацраг идэвхт иодын агууламж эрс ихэссэн байна. 2013 оны наймдугаар сард Шинэ Зеландын уургийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс эргүүлэн татсан нь уг бүтээгдэхүүн нянгаар бохирлогдсонтой холбоотой байв. Сүүн бүтээгдэхүүний экспорт нь Шинэ Зеландын эдийн засагт жилд 11 тэрбум доллар оруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг бүрдүүлдэг тул энэхүү явдал нь тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан байна.
Бохирдсон хоол хүнс эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагаварыг авчирдаг. Хүнс бохирдоход нөлөөлсөн хүчин зүйлсийг судлан тогтоох, өвчилсөн хүнийг эмчлэх, сувилах, дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах, бохирдсон хоол хүнсний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох, зах зээлээс эргүүлэн татах, сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зэрэгт асар их хэмжээний төлөвлөгдөөгүй хөрөнгө мөнгийг зарцуулах болдог. Зарим тохиолдолд хоол хүнсний бохирдол нь зөвхөн нэг улс орноор хязгаарлагдахгүй дэлхийн нийтийн шинж чанартай асуудал болж хувирдаг. Тухайлбал, Эбола вирусын халдварын эхний тохиолдлын шалтгаан нь бохирдсон мах байсан.
Тиймээс 2015 оны "Дэлхийн эрүүл мэндийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ "Хүнсний аюулгүй байдал" сэдвийн дор зохион байгуулахыг ДЭМБ улс орнуудад уриалсан аж. Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, яаралтай таслан зогсоох хариу арга хэмжээ авахад Хүнсний эрх зүйн комисс (Codex Alimentarius Commission)-ын стандарт, удирдамж, зөвлөмж эрүүл ахуйн дадлын дүрмүүдийг нэвтрүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад зөвлөмж болгож, дэмжлэг үзүүлж байна. “Хүнсний аюулгүй байдал” компанит ажилд бусад салбарынхан (хөдөө аж ахуй, хоол хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хүрээлэн буй орчин, стандарт, төрийн бус байгууллага)-ыг өргөнөөр оролцохыг ДЭМБ уриаллаа.
Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд 1700 гаруй хүн хоолны хордлого, аюулгүй байдал нь алдагдсан хүнснээс хордох тохиолдол гарсан байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, цайны газруудад зонхилон гарчээ. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах нь тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэлх шат дамжлага болгонд оролцох салбарт ажиллаж буй хүн болгоны хариуцлагаас шалтгаална. Хорт нян, вирус, шимэгч буюу химийн бодисоор бохирлогдсон хүнс нь суулгалтаас эхлээд хорт хавдар хүртэлх 200 гаруй төрлийн өвчин эмгэгийн шалтгаан болдог байна.
ЭМСЯ-ны НЭМХ-ийн дарга П.Оюунчимэг “ДЭМБ байгуулагдсан энэ өдрийг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудлыг гарган тавьж анхаарлаа хандуулж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэлх шат дамжлага болгонд оролцох салбарт ажиллаж буй хүн болгоны хариуцлагаас шалтгаална” гэлээ.
Хорт нян, вирус, шимэгч буюу химийн бодисоор бохирлогдсон хүнс нь суулгалтаас эхлээд хорт хавдар хүртэлх 200 гаруй төрлийн өвчин эмгэгийн шалтгаан болдог аж. Хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж нялхас, бага насны хүүхэд болон хөгшчүүл ихээр өвчилдөг.
Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У “Хүнсний хангамж даяаршихын хирээр улс орны дотоодын болон улс хоорондын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Хоёр жилийн өмнө хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг Австрали улсад хүнсний хорлого гарч олон хүн хордсон. Энэ хордлого БНХАУ-аас тээвэрлэгдэн очсон хөлдөөсөн жимснээс үүдэлтэй байсан. Ийм ч учраас ДЭМБ хүнсний аюулгүй байдлыг малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх бүх шат дамжлагад нь сайжруулах хүчин чармайлтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны Дэлхийн эрүүл мэндийн энэхүү өдөр хөхиүлэн дэмжиж байна” гэсэн юм.
ДЭМБ нь хүнстэй холбоотой олон улсын стандарт, удирдамж, үйл ажиллагааны журмын нэгтгэл болсон Хүнсний кодексийн дагуу хүнснээс гаралтай өвчний дэгдэлтээс сэргийлэх, түүнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад улс орнуудад дэмжлэг үзүүлдэг юм.
МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хүнсний ногоо, улаанбуудайн тариалалт өсөж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсонтой холбоотойгоор импортын хүнсний бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Одоогийн байдлаар нийт хүнсний бүтээгдэхүүний 40 хувийг импортоор авч байна. ОХУ руу визгүй зорчдог болсноор иргэд хугацаа нь дууссан чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь нэмэгдсэн. Улаанбаатар хотын хувьд хүнсний голлох бүтээгдэхүүн болох мах, ногоог түгээдэг хоёр том цэгтэй. Махыг ”Хүчит шонхор” захад, ногоог “Барс” худалдааны төвөөр дамжуулан түгээдэг. Энэ явцад нийт хүнсний бүтээгдэхүүний дөрөвний нэг нь хадгалалтын горим алдагдсанаас муудаж, хаягддаг. Ер нь дэлхийн жишигт ч гэсэн хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний дөрөвний нэг нь хаягдаж байгаа” хэмээн онцолсон юм.
өндөр болгох нууц · 2015/04/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮