Хүүхдэд ээлгүй Монголын нийгэм
2015/04/08
“Архины хяналтын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай” хууль цаасан дээр л хэрэгжиж байгаагаас өнөөдрийн нийгэмд үйлчлэхгүй байгаа. Үүний улмаас хүүхдэд ээлгүй нийгэм гэж нэрлэгдэхэд хүрээд байна. Өөрөөр хэлбэл эдгээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд судалж УИХ-д өргөн барих гэсээр байтал өчнөөн хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна.
Аавдаа “заазуурдуулсан” хүү: Одоогоос хоёр жилийн өмнө таван настай И хүүг аав нь өдөр бүр зодож, тасалдаг байсан бөгөөд согтуудаа бяцхан хүүг заазуураар гэмтээсэн. Хэрвээ түргэний эмч энэ талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлээгүй бол нийгэм энэ хэргийг мэдэхгүй өнгөрөх байлаа. Харин энэ харгис хэргийг үйлдсэн Н.Довжинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган 7.9 жилийн хорих ялыг төлөвлөөд байсан бөгөөд шүүхээс сэжигтэнд 7 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Тэрбээр одоо хорих ангид ялаа эдэлж байгаа. “Лантуун дохио” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ тэднийг харж хамгаалж, эргэж тойрч байгаа.
Төрсөн эцэгтээ хазуулсан хоёр хүүхэд: Төрсөн хоёр үрээ хазаж тамалсан хэрэг өнгөрсөн оны 3-р сард гарсан билээ. Хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх хянаж иргэн Д-д 3.6 жилийн хорих ял оноосон. Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар нийт 6 жилийн ялыг прокурорын байгууллагаас төлөвлөөд байсан юм. Харин шүүх хурлаас 4.5 жилийн ял оноосон юм. Ингэхдээ өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг үндэслэлээр нэг жилийг нь хасжээ. Мөн хүүхдүүдийн ээжид хохирол гэж 1.5 сая төгрөг олгохоор болсон байна. Манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах ямар нэгэн тогтолцоо байхгүй болохоор хүүхдүүдийн ээжийн 13 жилийн шаналал, гурван хүүхдийн төрөхөөсөө өдий хүртэл амссан гэр бүлийн хүчирхийллийг шүүхийн байгууллага 1.5 сая төгрөгөөр үнэлжээ. Тэгтэл өнөөдөр бяцхан хүүхдүүд бусдаас айдаг, шөнө унтаж байхдаа цочиж сэрдэг, амьдралдаа арилшгүй толботой болж үлдэж байна.
Төрсөн эцэг, хойд эхдээ зодуулсан дөрвөн настай охин: Ц.М гэх өхөөрдөм охин дэгэж дэрвэх насан дээрээ буюу дөрөвхөн настайдаа 2015 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн эцэг болон хойд эхдээ зодуулж, тарчилж хорвоог орхисон. Өнөөдөр энэ хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар, Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар яллахаар прокурорт шилжүүлээд байгаа. Тодруулбал охиноо зодсон эцэгт 3-5 жил, хойд эхэд 15-25 жилийн ял төлөвлөөд байгаа юм.
Охиныг дараа төрөлдөө сайн эцэг эхэд төрөөсэй гэж олон хүн залбирч зул өргөх ёслол хийсэн бөгөөд өнөөдөр энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг нийгэм хүлээж байна.
50 настай эрд хүчиндүүлсэн гурван настай охин: Өнгөрсөн сарын 31-ны өдөр энэ хэрэг Увс аймагт болсон бөгөөд хэргийг 50 настай Б гэгч үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэрбээр хэрэг үйлдснийхээ дараа хилээр гарч зугтах гэж байсан бөгөөд түүнийг хилээр зугтахаас нь өмнө баривчлан саатуулсан байна. Тэрбээр хэрэг үйлдснийхээ дараа “Ална шүү” хэмээн сүрдүүлсэн байгаа юм. Өдгөө энэ хэргийг шалгаж байгаа.
21 настай эр хүчирхийлүүлсэн найман настай охин: Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-ны өдөр наймхан настай сурагч охинд чихэр авч өгнө хэмээн хуурч дагуулж яваад хүчиндсэн хэрэг гарсан. Уг хэргийг 1994 онд төрсөн залуу үйлдсэн бөгөөд цагдаагийнхан түүнийг дэлгүүрийн хяналтын камерын тусламжтайгаар баривчилсан байна. Гэмт хэрэгтэн өнөөдөр саатуулагдаж байгаа бол хохирогч охи хагалгаа хийлгэн эмнэлэгт хэвтэж байгаа.
Төрсөн эцгийнхээ гарт амь үрэгдсэн гурван настай хүү: Энэ сарын 7-8-нд шилжих шөнө СХД-ийн 14-р хороонд оршин суух 42 настай Б архидан согтуурсан үедээ төрсөн хүү болох гурван настай Б-г сандлаар зодож хөнөөсөн. Хүүгийн хувьд хүнд гэмтлээ даалгүй эмнэлэг хүрэх замдаа нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Эдгээр хэргүүдийг үйлдэгчдийн дийлэнх нь хөлчүү байсан бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, архины зохисгүй хэрэглээтэй шууд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл эдгээр хэргүүдийг гарахаас сэргийлэх ёстой төрийн байгууллагууд хэрэг гарсны дараа яруу найргийн тэмцээнд орж байгаа юм шиг эмгэнэл илэрхийлж байна. Үүнийхээ оронд “Архины хяналтын тухай” хууль, “Гэр бүлийн тухай” хууль, “Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай” хуулийг шинэчлэх, түүнд санал оруулах шаардлагатай байгаа юм. Ядаж л гэр бүлийн хүчирийлэл үйлдэгдэж байхад хөрш нь дуудлага өгөх ёстой гэсэн ухамсар сэтгэхүйг нийгэмдээ хүргэх ёстой. Тэгтэл энэ ажлыг өнөөдөр ТББ-ууд хийж байгаа бөгөөд тэд л хохирогчдийн төлөө дуугарч хөдөлж байна.
Хэдий болтол ирээдүй болсон, цэцэг шиг дэгэж дэрвэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйгээр “наадах” гэсэн улс вэ?
Хүүхдийн сэтгэл гэдэг цас шиг цагаан, бүхнийг өнгөлөг гэгээлэгээр хардаг. Харин түүнийг нь томчууд бид хайхрамжгүйгээсээ хэнэггүйгээсээ харлуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тохиолдолд цагдаад дуудлага өгөх, хүүхэд уйлж, хашгирч орилж байвал 107, 108 дугаар луу залгаад өгөөч хүмүүсээ...
Зочин · 2015/04/09
dutuu bolovsroltoigiin shinj yum. Surguuliin surah bichguuded yos surtahuuni sedevtei uguulleg ahiu oruulj humuujilmeer yum. Ninjin setgel baihgui bna
Зочин · 2015/04/09
uneheer setgel uvdij bna, yaj chaddag bnaa, yamaarch yum be dee, tomchuudiin l buruu.
өндөр болгох нууц · 2015/04/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮