Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаар урсах Дэлгэрмөрөн голд загас олноор үхсэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Н.Цогтсайханаас тодрууллаа.

 

-Дэлгэрмөрөнд загас олноороо үхсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

 

-Өчигдөр манай сумын захиргааны ажилтан, байгаль хамгаалагчид болон хэсгийн ахлагч нараас бүрдсэн ажлын хэсэг загас олноороо үхсэн байсан гэх газарт очоод ирлээ. Биднийг очиход үхсэн загас байгаагүй. Голын ойр амьдарч буй нутгийн иргэдээс лавлахад сайн мэдэхгүй байсан.

 

-Нутгийн иргэд яг юу гэж байсан бэ?

 

-Үхсэн загас тийм олон харагдаагүй, цөөн тооны загас бол үхсэн байсан. Нохой шувуу идээд дууссан байх гэж байна лээ.

 

-Хэвлэлээр гараад байгаа тэр загасны зураг ямар учиртай юм бэ?

 

-Загасчилж явсан хүмүүс л тэр зургийг түгээсэн байх гэж таамаглаж байгаа. Ер нь бол хавар мөс хайлахаар үхсэн загас гарч ирдэг. Дэлгэрмөрөний усны түвшин багасаад энд тэндээ тасарсан байгаа юм. Ажлын хэсэг үүний зургийг нь авч баримтжуулаад ирлээ. Усны түвшин бага үед гол хөлдөхдөө доод хөрсөндөө тултал мөсддөг. Ингэж хөлдөхөд загас ч хөлддөг. Дэлгэрмөрөнд загас өвөлждөг нэг тохой байдаг юм. Тэр тохой энэ жил ус багатай байсан учраас тэнд өвөлжсөн загаснууд хөлдөж үхсэн байх.

 

-Өмнө нь загас ингэж үхэж байсан юм уу?

 

-Хоёр жилийн өмнө загас олноороо үхсэн байсан. Гэхдээ ямар нэгэн өвчтэй халдвартай байгаагүй. Хавар гол ус гэсэхээр үхсэн загас гарч ирэх тохиолдол байдаг. Энэ нэг их сэтгэл зовоод байх асуудал биш. Нутгийн хүмүүс хавар гол гэсэхээр үхсэн загас мэр сэр харагддагийг мэддэг болохоор мэдээлэл тараагаагүй юм билээ. Явуулын хүмүүс л энэ мэдээллийг тараасан байх.

 

-Тэр үхсэн загасуудыг муудсан байсан гэж байсан?

 

-Хөлдөөд удчихаар гэсэхдээ мууддаг юм. Энэ бол өвчин тусаад үхсэн гэсэн үг биш. Гэхдээ бид энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллах болно.

 

-Танай сумын тухайд анхаарч ажиллахаар болжээ. Харин аймгийн төвөөс холбогдсон уу?

 

-Өчигдөр үдээс хойш аймгаас байгаль орчны мэргэжилтэн болон Онцгой байдлын газраас албаны хүмүүс ирсэн. Тэднийг ирэхэд үхсэн загас байгаагүй учраас бидэнд ажлын чиг өгөөд буцсан.

 

Л.Дорж