УДЭТ-ын чадварлаг жүжигчний нэг  жүжигчин Г.Эрдэнэбилэг оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр “Тэнгэрийн хүү”жүжигт өөрийн хайртай бүхнээ золиослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан билээ.

Модун Шаньюгийн хийж бүтээсэн бүхнийг үеийн үед дуурсахаар энэ цагаас хойш Хүн гүрнийг Хүннү улс хэмээн тунхаглан түүхийн хуудаснаа тунхаглан сийлсэн энэ жүжгийг үзсэн хүн болгон омогших сэтгэл төрөх нь дамжиггүй. Тиймдээ ч “Тэнгэрийн хүү”жүжиг хөдөө орон нутагт  тоглогдох гэж байна. Уг жүжгийн гол дүр жүжигчин Г.Эрдэнэбилэгийн яриаг уншигч танаа хүргэе.

-Та Модун Шаньюгийн дүрийг гайхалтай бүтээсэн. Энэ дүр бүтсэн түүхээс яриагаа эхэлвэл ямар бол?

-Манай театрын ерөнхий найруулагч Б.Наранбаатар надад Модун Шаньюгийн дүрд тоглох санал тавьсан. Энэ л үеэс  жүжгээ эргэцүүлэн бодож байгаад намраас шууд ажилдаа ороод  урлаг судлаач, археологчидтой уулзаж ярилцаж дүрээ өөрийн болгох тал дээр хичээсэн л дээ. Театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон маш нүсэр жүжиг болсныг үзэгчид маань санаж байгаа байх аа. Энэ хэмжээгээр багагүй цаг хугацаа зарцуулж байж бүтсэн болохоор үзэгчид маань халуун дулаан, маш их сэтгэл догдолсон байдалтайгаар хүлээж авсан. Эндээс бид цаашдаа  тоглох улам их эрч хүч авсан. Монголын маань түүх баялаг болоод  ямар агуу зүрх сэтгэлтэй хүмүүс байсан юм, бид юуны төлөө амьдрах ёстой юм гэдгээр эрхгүй  бахархах сэтгэл төрдөг. Одоо энэ жүжгээ хөдөө орон нутгуудад тоглоно. Том жүжгүүд хөдөө явахад хэцүү байдаг. Наад зах нь л гэхэд тайз декразыг тухайн орон нутгийн театрт нь тохируулж шинээр хийж байх жишээтэй.

-Үнэхээр ч жүжиг   цаг үеэ олж тавигдсан. Газар шорооны тэмцэл ихтэй байгаа энэ үед бусдад ухааруулж сургамж болох зүйл их  байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав.Өнөөдөр газар шороогоо ухаж төнхчиж, бас уул уусаа хамгаалсан иргэдийн тэмцэл энэ нь зөв үү, буруу юу гээд талцаад байгаа. Газар нутгаа яаж хайрлах ёстой юм, байгаль  эхээрээ оролдож болохгүй гээд яриад байвал их зүйл байна. Энэ бүхнийг манай жүжиг үзэж байгаа хүмүүсийн тархи зүрх цусанд нь шингэтэл хэлж өгсөн сайхан жүжиг болж чадсан. Модун Шанью ч өөрөө түүхэндээ том гавьяа байгуулсан хүн. Эзэн Чингэс хаан маань ч Модун Шаньюугаас суралцаж байсан. Тийм учраас энэ мундаг хүний дүрд тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, нөгөө талаар цаг үеэ олсон жүжгээс үзэгчдэдээ ийм гайхамшигтай  зүйлийг  ухааруулж  өгсөндөө гол дүрийн жүжигчний хувьд баяртай байгаа. Энэ дашрамд “Тэнгэрийн хүү” жүжигт хамтран тоглосон жүжигчдэдээ бас үзэгчдэдээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа олон сайхан бүтээлээрээ уулзаж байх болно оо. Монгол цустай, монгол гэж омогшдог, монголоороо бахархах дуртай гэж боддог хүн бүр Хүннүчүүд бидний өвөг учраас монголчуудын өвөг дээдэс болсон энэ сайхан түүхээр заавал аялж, үүх түүхээ судалж мэдэх  ёстой шүү. Өөрөөр хэлбэл монгол хүн бүрийн заавал үзэх ёстой жүжиг гэж хэлмээр байна. Учир нь жүжиг гэдэг өөрөөө тэр болгон олон тоглогдоод байдаггүй, бас кино шиг  байсхийгээд дэлгэцээр гараад байдаггүй, нандин амьд харилцаа үүсгэдэг гоё урлаг юм л даа. Жүжигчдийн нүд, харц, үг, нулимстай  харцыг амьдаар харж цуг тоглож, улмаар хүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж нэгэн зүгт хандуулж чаддаг учраас нандин урлаг юм.  Жүжгийн үйл явдалтай улбаатайгаар бид хаана амьдраад байна, юу хийх ёстой юм, монгол хүн бүр зүрх сэтгэлээ хааш нь чиглүүлэх вэ гэдгийг мэдрэх, дуугарах цаг нь болсон юм болов уу гэж бодож байна.

 

Д.Нэргүй