“Цэнхэр үст” Цэрэн нэрээр цахим ертөнцөд олны танил болсон эрхэм бол  “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Тэрбээр Хойд туйлд  болсон  “Fjallraven polar 2015”  олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн оны сүүлээр фейсбүүк санал асуулгад ялж,  авсан.

Уг аялалдаа Э.Цэрэндолгор амжилттай оролцон, Монгол Улсынхаа  төрийн далбааг мандуулсаар барианд оржээ. Туйлын тэсгим хүйтэн, халтиргаа гулгаатай замаар нохой чарганы аялалд олон орны төлөөлөл болсон 20 хүн оролцсон байна.

Аялал Норвегоос эхэлж, Шведэд өндөрлөсөн бөгөөд  таван өдрийн турш 300 км замыг нохой чаргаар туулжээ. “Цэнхэр үст” монгол бүсгүй өөрийн цахим хуудаснаа аяллын зургуудаа өдөр бүр оруулж, тэмцээний үйл явцыг мэдээлж байсан бөгөөд барианд орсны дараа “Тийм ээ. Бид чадлаа” хэмээн постлов.

Шведийн телевиз аялалд оролцсон хүмүүсээс гурван оролцогчийг онцолж, тусгайлан нэвтрүүлэг хийхээр болсны нэг нь Монголынхоо нэрийг гаргасан цэнхэр үст Цэрэн маань багтжээ.

Д.Ана