Монголын соёл урлагт  дөч гаруй жил зүтгэж, “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”,  "Оюутны намар" зэрэг дуугаараа дал, наяад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгт өнөө ч фенүүд нь үнэнч хэвээр байдаг.

Тэрээр өдгөө 50 насны босго хэдийнэ давсан ч гэлээ дэгсдүүхэн хэлэхэд 30 насны эрч хүч, залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиад явж байна. Тэрээр өнгөрсөн жил хань СТА жүжигчин дуучин Ч.Хатанбаатартайгаа хамтарч “Орчлон дэлхийдээ бид жаргалтай” тоглолтоо хийж байсан бол энэ жил ард түмнийхээ дунд морины хэмээн алдаршсан МУГЖ Ж.Нансалмаагийн шавь СТА Л.Нартантуяагийн хамт 4 дүгээр сарын турш аялан тоглолтоо хийж явна.

Замын үдээс гараагаа эхэлсэн  хөдөө орон нутгийн тоглолт амжилттай үргэлжилж, хуучны дуундаа дуртай байдаг сонсогч фенүүд  нь Уранчимэг гавьяатыг тайзнаас буулгахгүй алга нижигнүүлж, ёстой л ид залуу үеийнх шигээ шуугиулж байгаа сурагтай. Мөн түүнчлэн “Уйдах завгүй залуу нас” шинэ дуугаа клипжүүлжээ.