Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр жүжигчин Б.Навчааг шүүмжилсэн таагүй мэдээлэл тархсан. Тодруулбал, тэрбээр “21,000” реалити шоу нэвтрүүлэгт орох үедээ өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдалтайгаар “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” гэсэн нь олны дургүйцэл, эгдүүцлийг төрүүлээд авсан билээ. 

Уг нэвтрүүлгийн үзэгчид “Хүндэлж явсан жүжигчин минь ийм зүйл ярьсанд урам хугарлаа. Цувдай идлээ гээд ядуу сэтгэлгээ юу гэдэг чинь юу гэж байгаа юм. Цувдаа идэж үзээгүй Монгол хүн байхгүй шүү дээ" гэж шивэр авир хийсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй уучлал гуйлаа.

Тэрбээр “Юуны өмнө надад шүүмжлэлтэй хандаж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Учир нь хүн шүүмжлэлээс маш том ухаарлыг авдаг. 21000,  энэ бол шоу, энд өрсөлдөгчөө дайрах дайралтыг нэвтрүүлгийн багаас өгдөг. Маш олон зүйлс ярьж, хийснийг нэвтрүүлэг эвлүүлэг хийж гаргадаг гэдгийг та бүхэн бас ойлгоорой.

Энэ нь хүний зэвүү юм уу, сонирхлыг татах яриаг зөвхөн оруулдаг гэсэн үг. Би монгол хүн учраас гэдэс дотортоо дуртай, амьдрал дээрээ идэх дуртай. Нэвтрүүлэгт би 10 хоногийн турш дан ганц гэдсээр хооллох, яс буцалгаад байхыг ядуу сэтгэлгээ гэсэн юм. Энэ нэг ёсондоо үзэгчдийг уйдаахгүй байх, өөр өөр хүнсээр хоол хийхийг хүссэндээ л тэр. Буруу ойлгогдсон нь миний ярианы соёлгүй, буруу эвлүүлэг хоёроос боллоо. Та бүхнээсээ уучлалт хүсч байна" гэв.

Д.Ана