Өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлсэн гэж багагүй хэл аманд өртөж, ард иргэдээр задарсан, бадарсанаараа дуудуулсан “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн дахин хэрэг тарьжээ. Олон нийтийн зүгээс ийм төрлийн бүлгэмүүдийг дэмжих хүмүүс байхад  дэмжихгүй, эрс эсэргүүцдэг хүмүүс ч бий. Учир нь тэднийг эх орныхоо төлөө гэх нэрийдлээр өөрсдөө ашиг хонжоо хайж, бусдыг шантаажилдаг гэж үзэх хүмүүс цөөнгүй.  Тэгвэл “олны яриа оргүй” гэдэг шиг тэд бусдыг дарамталж, шантаажилсаныхаа төлөө хуулийн байгууллагаар шалгуулж эхэлжээ.

 

Тодруулбал, уржигдар буюу энэ сарын 21-ний өдөр Налайхад байрлах тоосгоны үйлдвэр, барилга зэргүүдэд ажилладаг хятад ажилчдыг дарамталж мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

 

Эх сурвалжийн хэлж буйгаар эл хэргийг “Босоо Хөх Монгол”-ын удирдах зөвлөлийн гишүүд болох Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар үйлдсэн байна. Тэд согтуугаар Налайх дүүрэгт  ажиллаж байсан хятад ажилчдыг дарамталж мөнгө төгрөг шаардсан бөгөөд энэ асуудлаасаа болж саатуулагдаад байгаа аж.

 

Тэдэнд Налайх дүүргийн цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхэлсэн бөгөөд саатуулаад байгааг эх сурвалж мэдээллээ.

 

Дашрамд хэлэхэд, удирдах зөвлөлийн уг хоёр гишүүн нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөн л мөнгө шантаажилж, бусдыг дарамталсан хэргээр шалгагдаж байгаа аж.

 

Уг хэрэг нь шийдвэрлэгдээгүй явж байхад дахин ийм хэрэг үйлдэж ийн саатуулагдаад байгаа гэнэ.

 

Монголд олон тооны, янз бүрийн бүлгэмүүд бий. Тэдгээрийн үйл ажиллагаа, үйлдэл нь хэнээс ч хараат бус аятай байдаг. Тиймээс ч монголд ажиллаж амьдрахаар ирсэн гадны иргэд тэдний гар хөлд өртөх нь их. Тэгвэл энэ бүхэн сүүлийн үед ил хэлбэрт шилжиж, улам даамжираад байна уу гэх хардлага нийгэмд бий болоод байна.

 

Д.Ундрах