Нийслэлийн Бяянгол дүүргийн 14-р хорооны 16-р байр буюу Ачлал их дэлгүүрийн ард байрлах энэ орон сууц нурах аюултай байгаа талаарх мэдээлэл өчигдөр үдээс  хойш цахим ертөнцөөр тарсан.

Тодруулбал "Би Жи Би Жи" ХХК  зоорийн 2 давхар, 18 давхар орон сууц барих зөвшөөрөл авсан бөгөөд уг ажлыг эхлүүлэхээр газар ухаад байгаа нь 16-р байр нурах эрсдэлтэй бөгөөд оршин суугчдийг айдаст автуулаад байгаа юм.  

Тэгвэл энэ мэдээллийн дагуу  Нийслэлийн онцгой комисс хуралдан  тус байрыг хамгаалалтад авч  оршин суугчдийг  ойр орчмын зочид буудлуудад гурван хоног байрлуулахаар болсон.  Улмаар  уг арга хэмжээг шуурхай  хэрэгжүүлсэн байгаа.  Яг одоо энэ асуудлаар  онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд  мэргэжлийн байгууллагын  дүгнэлт гарахыг хүлээж байгаа юм.  

16-р байр нь  1980-ид онд баригдсан.  Өнөөдрийн байдлаар  49 айлын  200 гаруй иргэн амьдардаг. Оршин суугчид  өнгөрсөн жил барилгын суурийг ухаж эхлэх үеэс  эхлэн  эсэргүүцэж байсан юм. Одоогоор тус байранд нуралт, цууралт гараагүй ч  эрсдэл өндөр байгааг  мэргэжлийнхэн хэлж байсан.  

200 гаруй хүнийг айдаст автуулж,  Нийслэлийн болон Баянгол дүүргийн  онцгой комиссийг  хөдөлгөөнд оруулсан "Би Жи Би Жи" ХХК ямар ч мэдээлэл өгөхгүй гэв.  "Би Жи Би Жи" ХХК-ийн хувьд 2011 онд орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна бөгөөд уг зөвшөөрлөө 2014 онд сунгуулсан байна.  Сунгах зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны  Барилга, барилгын материалын  бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга  Б.Цэдэндамба өгсөн байна.  Харин газар эзэмших зөвшөөрлийг Хотын захиргаанаас өгчээ.  

Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх болно гэдгийг онцолж байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.