Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна.

16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна.

Мөн автомашинууд байрлуулсан нийтийн эзэмшлийн зам, талбайгаар иргэд зорчиж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Иймээс тухайн орчинд аюулгүй бүс татан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, нурсан газарт бэхэлгээ, хүчитгэлийг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэн хэвийн байдалд оруулахыг “Би Жи Би Жи” компанид үүрэг болгож байжээ.

Тус компанид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яам 2014.07.22-ны өдөр өгсөн юм байна.

Газрын зориулалтыг өөрчлөн баталсан байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.09.22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Энэ нь барилга хоорондын зай, хэмжээ зөрчиж барилга барьж байгаа тухай “Найрамдал” СӨХ-ноос ирүүлсэн хүсэлтийн мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын 2014.02.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м2 газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид гараж, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014.03.19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталжээ.

Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг юм.

Иймээс архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, барилгын эскиз зураг төслийг хянан баталгаажуулсан “Петронас Тауэр” компанийг зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг 2014.09.22, 2015.03.23-ны өдөр тус тус хүргүүлж байжээ. Энэ бүхэн нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд, СӨХ-ны гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үед авч байсан арга хэмжээ юм.

БГД-ийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 244 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажилд мэргэжлийн хяналтын байгууллагаас 40 ажилтан оролцсон бөгөөд нэг хүн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Тухайн орон сууцны барилга ямар байдалд байгаа талаархи дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар удахгүй гаргана.