Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2015/04/27
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед бүрэн унтрааж Богд уулын хамгаалалтын газрын Жаргалантын амны ойн байцаагч Д.Ганболд, Нүхтийн амны байгаль хамгаалагч Цогтбадрахад хүлээлгэн өгсөн. Ой хээрийн түймэр нийт 30 га газрыг хамарсан бөгөөд гал түймэр тавьсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж Богдхан уул, ногоон бүсээр эргүүл шалгалтыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Онцгой комиссын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгаварт 2015 оны 3 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон.
Иймд иргэд, олон нийт нийслэлийн ногоон бүсэд дээрх хугацаанд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.