2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 118 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар  нэг ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд  найман түймрийг  цурманд оруулаад байгаа аж.  Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Түймэрт 40 гаруй айлын гэр, 20 гаруй өвөлжөө хаваржаа, саравч, зам ангийн нэг машин шатаж, 4000 гаруй толгой мал нэрвэгдсэн байна. Түймрийг унтраахад ОБЕГ-аас давхардсан тоогоор 1600 албан хаагч, 102 автомашин, Хилийн цэргээс 420 албан хаагч, 24 автомашин, Цагдаагийн байгууллагаас 45 албан хаагч, орон нутгаас 3000 иргэн, 543 автомашин, 60 мотоцикль, нийт 5000 гаран хүн, 418 автомашин, 47 мотоцикль, хоёр нисдэг тэрэг дайчлагдан ажилласан байна.

ОХУ-аас улсын хил давж 8 удаа хээрийн түймэр орж ирсэн бол Монгол Улсаас БНХАУ-ын хил давж 4 удаа хээрийн түймэр гарчээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Говьсүмбэр, Ховд, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тус тус түймэр гарсан байна. Түймрийн эзэн шалтгаан, талбай, учирсан хохирол одоогоор бүрэн тогтоогдоогүй байна. Харин урьдчилсан байдлаар түймэр гарсан шалтгаан нь айлын үнстэй нурам болон ОХУ-аас хил давж ирсэн түймэртэй холбоотойгоор гарсан гэж тогтоожээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймэр цурамнаас дахин дахин алдагдаж байгаа тул одоо хүртэл унтраагүй байгааг ОБЕГ-ын дарга хэлж байна.  

Хэт хуурайшилтай байгаа энэ үед түймэр хил давж орж ирээгүй л бол хувь хүний хүчин зүйлээс хамааралтай гэж үздэг. Увс аймагт гарсан түймрийг хувь хүний хариуцлагагүй байдалтай холбож байгаа. Тиймээс иргэд гал алдахгүй байх, түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг  анхааруулж байна.