90 согтуу жолоочийг саатуулжээ
2015/05/05
2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 339 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж Монелийн уулзварт Жигүүр ХХК-ны Мazda Demio маркийн маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос Nissan Tida , T.Succeed маркийн авто машинуудтай мөргөлдөж зорчигч 59 настай эрэгтэй А гэмтсэн.
ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Гялгар захын урд замд H.Starex маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн, явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж байгаа шалтгааны нэг бол жолооч согтууруулах ундаа (архи, пиво, айраг, дарс гэх мэт) уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй явдал юм. Жолооч хүний уусан ялимгүй согтууруулах ундаа наад зах нь авто машин, барилга байгууламж, эд хөрөнгө, цаашлаад өөрийн болон гэм зэмгүй хөдөлгөөнд оролцогч эрдэнэт хүний амь нас, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг өдөр тутамд эрсдэлд оруулж эрүүл мэндэд юугаар ч нөхөж баршгүй хор хохирол учруулдаг.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь найз нөхөд, гэр бүл, хамт олноороо нийлэн архидан согтуурах, хамт архи уусан хүмүүс нь тухайн жолоочийг хий хөөрөгдөх, нийлж дарвих, итгэл найдварыг үзүүлдэг энэ нь хожим нь ямар муу үр дагавар авчирдагийг ухаарахгүй байна мөн явган зорчигч нар нь биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож замын зорчих хэсэг дээр суух, хэвтэх, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулснаар амь нас эрүүл мэндээрээ хохирсоор л байна. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг иймд согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой. Ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадна.