2014 оны  3-р сард Австрали, Макао, Солонгос, Монгол улс Улаанбурхан өвчинг бүрэн дарсан хэмээн мэдээлж байсан. 2010 оноос хойш манай улсад Улаанбурхан өвчин гараагүй нь ийнхүү “тунхаглахад” хүргэсэн.  Харин 2015 оны 3-р сарын 18-нд Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар  нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3392 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.  Мөн 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдаад байгаа.

 ХӨСҮТ-д нийт 413 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 111 хүн хэвтсэн бөгөөд  99 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 18 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.  Харин 201 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан байна.

Улаанбурхан өвчнөөр зөвхөн бага насны хүүхэд өвчилдөг гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ өвчнөөр насанд хүрсэн хүн буюу эмчилгээ хийж байсан сувилагч хүртэл өвчилсөн байх юм. Мөн улаан бурхан өвчний вакциныг  9 сартайгаас эхлэн хүүхдэд хийдэг. Гэтэл 9 сар хүрээгүй дархлаажуулалтын вакцин хийх нас нь хүрээгүй хүүхэд улаанбурхан өвчин туссан тохиолдол гарчээ. Энэ нь хүүхэд хөхөөрөө хооллоогүйн улмаас 9 сар хүрээгүй байхдаа улаанбурхан өвчин туссан гэх тайлбарыг эмч нар өгч байна.

Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт хийгэдж байгаа ч оюутнууд  ихээр өвдөж байна.  Өөрөөр хэлбэл  Улаанбурхан өвчин нь агаараар халддаг тул дархлаа сул нэгэнд амархан халдаж байна.  Тэжээллэг хоол хүнс хэрэглэж, олон хүнтэй газраар сэлгүүцэхгүй байхыг  эмч нар зөвлөж байна.

Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг аж.

Монгол улсын хэмжээнд 1964-1992 онуудад жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байжээ. Анх 1973 онд дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакцины 1 тунг, 1986 оноос 2 дахь тунг нэвтрүүлснээр өвчлөл 1986-1996 онуудад 1976-1986 оны өвчлөлтэй харьцуулбал 7,5 дахин буурчээ. Улсын хэмжээнд 2004, 2005, 2010 онд улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй бөгөөд 2006-2009 онд улаанбурхан өвчний 75 тохиолдол бүртгэгдэж байжээ.  

А.Баярмаа