16-р байрныхан одоо болтол буудалд амьдарч байна
2015/05/06
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны оршин суугчдийг нүүлгэн шилжүүлээд 14 хонож байна. Өнгөрсөн хугацаанд тэд зочид буудалд тухгүй орчинд байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийг хүртэл “Би Жи Би Жи” ХХК-ийн ухсан нүхийг битүүлээгүй бөгөөд энэ нь төрийн байгууллагуудаас болж байгаа гэнэ.
Тодруулбал МХЕГ-аас Баянгол дүүргийн XIV хорооны 15, 16, 17 дугаар байрны орчимд геодизийн хэмжилт хийхэд хөрс ухсанаас үүдэлтэй ноцтой өөрчлөлт илрээгүй. Харин 16 дугаар байрнаас гурван метрийн зайд бохирын хоёр худаг байдаг. Энэхүү худгийн орчимд хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй бөгөөд байрны суурьт нөлөөлөх аюултай. Тиймээс ухсан нүхийг даруйхан битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай. Үүний дараа оршин суугчдыг буцаан оруулж болно гэсэн дүгнэлт гаргасан. Уг нүхийг шууд булахгүй, тусгай зориулалтын аргаар хөрсийг бэхжүүлэх шаардлагатай. Одоогоор хэрхэн бэхжүүлэх талаар бүх зураг төсөл, төлөвлөгөө нь гарчихсан гэдгийг онцлов.
Хөрс бэхжүүлэх ажлыг хийх компанийг сонгон шалгаруулалтаар хийх бөгөөд уг ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар гардах юм.Сонгон шалгаруулалтын дүн өнөөдөр гарах аж. Улмаар хөрс бэхжүүлэх ажлыг долоо хоногт багтаан хийх гэнэ.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа