Хөрөнгийн биржид санхүүжилт олгосон байдал асуудал дагуулсаар байна

 

Хөгжилд нэмэр болох том төслүүдийг санхүүжүүлнэ гэж анх байгуулж байсан Хөгжлийн банк тойрсон асуудал олны анхааралд байна.УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг энэ оны эхээр байгуулсан юм. Харин ажлын хэсэг аудитын шалгалт хийгээд дүгнэлтээ гаргачихсан. Гэхдээ УИХ-д албан ёсоор танилцуулаагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

 

Тэгвэл Аудитаас Хөгжлийн банкийг алдагдалтай ажилласан гэж дүгнэжээ. Учир нь тус банк бүх зээлээ Засгийн газрын тогтоолоор, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байдаг аж.


Үүний тод жишээ Хөрөнгийн биржид санхүүжилт олгосон байдал. Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын тогтоолоор 1.49 сая ам.долларын зээл олгосон асуудал. Одоо ч энэ санхүүжилтийн талаар олон нийт ам муутай байгаа.  Учир мэдэх хүмүүсийн хувьд Хөгжлийн банк хөгжилд нөлөөлөх тэргүүлэх салбарыг санхүүжүүлнэ гэсэн бодлогоосоо буцсан гэж хэлж байна.


Дашрамд хэлэхэд, Хөрөнгийн биржийн хувьд хөгжлийн тэргүүлэх салбарт хамаардаггүй аж.

 

Орон тоо ихтэй Хөгжлийн банк ажилчдадаа давуу эрх олгосон уу?


Цаашлаад Хөгжлийн банкны ТУЗ-ийн зүгээс банкны ажилтнуудад хөнгөлөлттэй зээл олгох тухай шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу банкны ажилтнууд арилжааны банкуудаар дамжуулж нэг тэрбум төгрөгийн зээл авсан гэж аудитын дүгнэлтэд онцолжээ. Тус банкны орон тоо Засгийн газраас тогтоосноос өсч өдгөө 112-д хүрчээ.  Гэтэл ийм шийдвэр гаргасан нь  Хөгжлийн банкны ажилтнууд өөрсдөдөө давуу эрх олгож, нэг тэрбум төгрөгний зээл авсан гэх бор шувууг нисэхэд хүргэж байна.  

 

Гадаад томилолтынх нь зардал хэт өндөр гэсэн шүүмжлэлийг дагуулж эхэллээ


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын сарын цалин нь зургаан сая төгрөг. Улирал тутамд олгодог урамшуулал нь мөн зургаан сая төгрөг юм байна.
Тэгвэл ийм өндөр цалинтай удирдлагууд мөн өндөр өртөгөөр томилолтоор явдаг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, олны дунд Хөгжлийн банкны гадаад томилолтыг зардал хэт өндөр гэсэн шүүмжлэл өрнөж байна. Аудитын тайланд ч энэ талаар тусгажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өнгөрсөн онд Санкг-Петербург руу томилолтоор явжээ. Хоногийн 2150 ам.долларын зочид буудалд тухсан нь Сангийн сайдын баталсан тарифаас хэд дахин өндөр байсныг эх сурвалж өгүүллээ. Мөн онгоцны тийзэндээ 8.9 сая төгрөг зарцуулсан байна. Харин хамт явсан хэлтсийн дарга нь зочид буудлын нэг хоногийн зардал гэж 408 төгрөг авчээ. Хэлтсийнх нь даргын онгоцны тийзийн зардал 2.3 сая төгрөг болжээ.

 

ШУМ:Санхүүжилт хийсэн ажлаа үр дүнгүй, хэрэггүй зүйл болгожээ

 

1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 30 тэрбум иенийн “Самурай” бонд, “Кредит свисс” банкнаас авсан 300 сая ам.доллар, Хятадын хөгжлийн банкнаас найман жилийн хугацаатай авсан 162 сая ам.долларын зээлийн гэрээ энэ банкинд хамаардаг.

Энэ бүхнийг хамаатуулсаны гол зорилго нь хөгжилд нөлөө үзүүлэхээр төслүүдийг санхүүжүүл гэж байгаан нэрийдэл.  Гэтэл “Чингис бонд”-ын мөнгөнөөс “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажилд 280 сая ам.долларын санхүүжилт хийсэн ч өнөөх ажил нь далан босгох төдий, хэрэггүй, үр дүнгүй зүйл болсон гэдэг.

Энэ мэт эргэлзээтэй зөрчилтэй зүйлс Аудитын дүгнэлтэд буусныг эх сурвалж өгүүлжээ. Гэхдээ аудитын дүгнэлтэд  шинэ төмөр зам барих төсөл, авто замын салбарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тусгаагүй гэдгийг онцлох нь зүйтэй биз ээ.