2015 оны 5 сарын 4-нд ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний Нам гэгч шинэчлэн, зохион байгуулагдаж буйгаа олон нийтэд зарлав.Дөнгөж байгуулагдсан тус  намын удирдах бүтцийг ЭВ Монгол хөдөлгөөн, Реформ клуб зэрэг нийт 10 гаран  клубийн залуус  бүрдүүлж буй бөгөөд хэдийн   1500 гишүүнтэй  болсон аж .
 
 Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил намынхаа тухай :   “21-р зууны улс орнууд өндөр барилга барьж өрсөлдөхөөсөө илүү хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь бүх талаар хөгжсөн ард иргэдтэй улсад хөгжил, бүтээн байгуулалт аяндаа ирдэг. Тиймээс манай нам Монгол үндэстний хөгжлийн “Хүн Дээд” үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлэхээр болсон. Сүүлийн 20 жилд хүний хөгжлийг хаяж ирсэн байна.
 
 Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсаа хөгжүүлж чадна” гэсэн юм. Тус намын удирдах бүтцэд одоогийн байдлаар олонд танигдсан нэг ч улс төрч байхгүй бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд нь бүгд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн, мастер, доктор, судлаачид буюу  өмнө нь Кадастрын Газрын дарга, МАН-ын бага хурлын гишүүн байсан Т.Бат-Оргил зэрэг залуус аж.
 
Тус намыг байгуулагдсаны дараа С.Ганбаатарыг уг намын даргаар ажиллах гэж байгаа, тэр бүү хэл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд уг намаасаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн ярилцах болов. Үнэхээр ч С.Ганбаатар өнгөрсөн өвлөөс эхлэн, “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуус, сэхээтнүүд намайг нам удирдаач, хамтарч ажиллая” гэж санал тавьж байгаа хэмээсэн нь бий.
 
Мөн уг намыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж байгаа, цаашдаа нийгмийн дэмжлэг хэрхэн авахыг нь харж байгаад, 2017 оноос уг намыг удирдаж магадгүй тухай эх сурвалж өгүүлж байна. ХҮН-ийг байгуулсан нэг гол субьект болох ЭВ Монгол хөдөлгөөнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж,хамтарч ажилладаг тухай ч өмнө ярьдаг байсан юм.
 
Э.Мягмардорж