Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, тус банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн үр дүн” гэх сэдэв бүхий тайланг гаргасан байна. Энэ бол үнэндээ бондын зарцуулалт дээр Үндэсний аудитын газраас гаргаж байгаа хоёр дахь тайлан юм. Энэхүү тайлантай холбоотой болон манай банкны үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн буруу, зөрүү гарч ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдаж байгаа учраас ийнхүү тайлбар өгөхөөр болсон” гэдгээ онцолсон юм. Хэвлэлийн хурлын үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд хэр ашигтай ажилласан бэ?

-Хөгжлийн банкыг алдагдалтай ажилласан гэж ташаа ойлголт яваад байна. Гэтэл үнэн хэрэгтээ Хөгжлийн банк нь өнгөрсөн 2014 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 32 тэрбум төгрөгийн татвар төлсөн.  Өөрөөр хэлбэл, 101 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Та бүхэн мэдэж байгаа байх Хөгжлийн банк бол бүхэлдээ Засгийн газрын өмч. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн өмч учраас бид татвар төлөгчдийн мөнгийг ийм хэмжээгээр өсгөлөө гэж хэлж болно. Манай банк сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явж байгаа. Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлээд төдийлөн удаагүй байгаа ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Төрийн алтан гэрэгэ” гэх гурван төслөөс хоёр төслийг, IV цахилгаан станцын өргөтгөл, “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийн өргөтгөл зэрэг томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд гурван удаа бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсгэврийг татаж нийт 650 гаруй сая ам.долларын эерэг урсгалыг улсдаа оруулж өгсөн. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хөгжлийн банкны бүх орлого зарлага шилэн дансан дээр ил тод байгаа гэдгийг онцолмоор байна.

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас батална гэж заасан байдаг. Тэгэхээр УИХ-аас баталсан асуудлыг Засгийн газраас шийддэг. Хууль маань ийм байгаа учраас Хөгжлийн банкны хуулийг сайжруулах хуулийн төслийг бэлтгээд энэ хаврын чуулганд өргөн барих болов уу гэсэн хүлээлт байгаа. Хууль хурдан батлагдаасай гэж хүсч байна.

-“Чингис” бондын хөрөнгийг зарцуулахдаа тендерт шалгараагүй компаниудад мөнгө шилжүүлсэн гэсэн асуудал яригддаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Чингис” бондын мөнгийг тендергүй компанид мөнгө өгсөн гэх яриа бол бас л ташаа ойлголт. Анх УИХ-аас шийдвэр гаргаад салбаруудыг нь заагаад өгчихсөн, мөн УИХ-аас гаргасан тогтоолоор Засгийн газар шийдвэрээ гаргаад тухайн төслийг санхүүжүүлээд явдаг. Хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтыг угаасаа санхүүжүүлэгч биш хэрэгжүүлэгчийг захиалагч нь хариуцаад сонгон шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл замын төслийг Зам тээврийн яам, барилгын төслийг Барилга хот байгуулалтын яам хариуцаад өөрсдөө тендерээ зарлаж, өөрсдөө сонгон шалгаруулалтыг хийсэн гэсэн үг. Бүхий л сонгон шалгаруулалт Тендерийн тухай хуулийн дагуу явагдсан байгаа. Хөгжлийн банкны зүгээс захиалагчдад заавал Тендерийн тухай хуулийг баримтлах ёстойг шаарддаг байсан. Тодорхой жишээгээр тайлбарлая. Дарханы замын засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банкны удаалаа гэсэн шүүмжлэл гарсан. Манай банкны зүгээс яагаад тэр ажлыг санхүүжүүлэлгүй удаасан бэ? гэвэл тухайн замыг тавих компанийн тендерийн материалыг салбарын яамнаас нь өгөхгүй байсан. Бид ийм л журмаар ажиллаж байна. Энэ дашрамд, Хөгжлийн банк бол УИХ, Засгийн газрын төвшинд хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хариуцдаг. Санхүүжилтийг хариуцна гэдэг нь тухайн төслийг захиалагч, хэрэгжүүлэгч гэсэн үг биш. Захиалагчийн шалгаруулсан тендерийн дагуу, Хөгжлийн банк санхүүжилтийг  нь гаргадаг байсан болохоос хэн нэгэнд дураараа мөнгө өгөх асуудал огт байхгүй гэдгийг онцолмоор байна.

-Самурай бондын 30 тэрбум иен буюу 280 сая ам.доллараас 5.7 тэрбум иен буюу 50 сая ам.доллар яагаад хөгжлийн банкны дансанд ороогүй гэх асуудал бас яригддаг. Энэ ямар учиртай суутгал вэ?

-Самурай бондыг  анх гаргасны дараахан  5.7 тэрбум төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк манай дээр баталгаа гаргаж өгснийхөө шимтгэл буюу санхүүгийн зардал болгон суутгаж авсан гэдгийг Хөгжлийн банк тухайн үед мэдээлж байсан. Хөгжлийн банкнаас 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” бонд гэх бондыг гаргасан. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа.

“Самурай” бондыг Хөгжлийн  банк хариуцан гаргасан боловч Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргасан. Ийнхүү давхар баталгаатай болсноор бид нар “Самурай” бондыг хүү 1.52 хувьтай авч чадсан шүү гэдгийг сануулмаар байна. Тэр шимтгэл нь жилд хоёр хувь гэж тогтоосон юм. Тиймээс арван жилийн шимтгэл болох 5.7 тэрбум төгрөгийг суутгаж авсан. Мөн энэ дашрамд Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд манай улсын талаас хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа гэдгийг хэлмээр байна.

-Таныг зургаан сая төгрөгийн цалинтай, гадаад томилолтод явахдаа их хэмжээний мөнгө зарцуулдаг гэх мэдээлэлд хариулт өгнө үү?

-Хөгжлийн банк нь өөрөө Засгийн газрын өмчөөс гадна хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдсан шүү дээ. Төсвийн байгууллага биш. Бид өөрийн төвлөрүүлсэн ашиг, орлогоороо үйл ажиллагааны зардлаа хангаад явдаг гэсэн үг юм. Улсын төсвөөс манай үйл ажиллагааны зардалд ямар ч төсөв гаргадаггүй. Миний төдийгүй манай ажилтнуудын цалинг манай ТУЗ-аас тогтоодог. Тэгэхээр бид нарын цалин хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм аа гэхэд тэдэнтэй ойролцоо цалин өгдөг гэж хэлмээр байна. Санктпетербург хотруу явсан томилолтын мөнгө их гарсан нь үнэн. Ер нь бол томилолтын зардал ийм өндөр гараад байдаггүй. Харин Санктпетербургын томилолт нь онцгой ач холбогдолтой тохиолдол байсан. Тэр томилолтоор IV цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлүүлэх зорилгоор айлчлалын багт орж явсан. Харин томилолтын үр дүнд бид IV цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэж чадсан, одоо ашиглалтад орсон байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор л гарсан зардал. 

-Хөгжлийн банкинд “Самурай”, “Чингис” бондоос хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ?

-Нийтдээ 1.4 орчим их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна.

-Хөгжлийн банк хэдий орчмын зардал гаргадаг вэ?

-2014 онд нийт долоо тэрбум төгрөгийн зардал гаргасан. 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын тулд долоон тэрбум төгрөгийн зардал гаргасан гэсэн үг.

-Хөгжлийн банк Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй банк болж хувирсан гээд байгаа. Энэ асуултад хариулт өгнө үү?

-Хөгжлийн банк нь  дунд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах ёстой банк. Арилжааны банк биш. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том төслүүдийг, улс орон чухал шаардлагатай,эдийн засагт эргээд мөнгө болж чадах том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. УИХ-аас анх хууль батлахдаа ингээд заагаад өгчихсөн юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк ямар нэгэн улс төр, нам бүлэглэлийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага биш.Хэдийгээр тийм боловч манай хууль эрхзүйн орчин зарим зүйл дээр тодорхой бус байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас батална гэж заасан байдаг. Тэгэхээр УИХ-аас баталсан асуудлыг Засгийн газраас шийддэг. Хууль маань ийм байгаа учраас Хөгжлийн банкны хуулийг сайжруулах хуулийн төслийг бэлтгээд энэ хаврын чуулганд өргөн барих болов уу гэсэн хүлээлт байгаа. Хууль хурдан батлагдаасай гэж хүсч байна.

 

-Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас бондын мөрийг үрэн таран хийсэн, Засгийн газрыг хууран мэхэлсэн гэж өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн. Энэ хэрэг юу болсон бэ?

-Авлигатай тэмцэх газраас тодорхой шалгалтуудыг хийсэн. Ямар ч асуудал үүсээгүй.

 

-Танай банкыг “Макс”-ийн байранд сарын 64 сая төгрөгийн түрээс төлөөд үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Өөр сул байранд байрлах боломжгүй юу?

 

-Төрийн өмчийн хороонд шаардлага хангасан байр өгөхийг хүсч хандсан ч “Ямар ч байр байхгүй” гэх хариултыг өгсөн. Бусад улсын Хөгжлийн банк бол өөрийн гэсэн байртай байдаг.