Дэлхийн хошой аварга, Олимпийн хошой хүрэл медальт МУГТ Д.Мөнхбаяр хэмээх эрэлхэг бүсгүй буудлагын ертөнцөд Монгол Улсын  нэрийг олонтаа дуурсгаж явсан нэгэн. Гэсэн ч эмэгтэй хүн нутаггүй гэдэгчлэн тэрээр  2000 оны Сиднейн олимпийн дараагаас  Герман улсад амьдрах болсон бөгөөд 2002 онд албан ёсоор иргэншилээ сольж Герман Улсын нэрийн өмнөөс тэмцээн , уралдаанд оролцох болсон билээ. Өдгөө Герман улсад 10 гаруй жил амьдарч байгаа тэрээр хамгийн сүүлд 2012 оны наадмаар ирж эх орондоо наадсан. Энэ үеэр түүнтэй уулзах завшаан олдож хэдэн үг солиход тэрээр хэдийгээр тус улсад гэр бүлтэй, хангамж сайтай байгаа ч гэлээ цаанаа эх орноо санагалздаг нь илт харагдаж байсан юм. Тиймдээ ч тэрээр 2013 онд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээх хүсэлт гаргасан ч “хоёрдмол харьяаллыг зөвшөөрөхгүй” гэдэг заалтаар татгалзсан. Түүний хувьд 2008 онд Герман Улсын нэрийн өмнөөс Олимпийн их баяр наадамд буудлагын спортын 25 метрийн гар бууны төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн нь Герман улсын түүхэн дэх Олимпоос буудлагын спортын гар бууны төрлөөр медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм. Мөнхбаяр гавьяатын анхны нөхөр волейболын спортын мастер, дасгалжуулагч Баярсайхан. Тэд нэг охинтой бөгөөд мэргэн буудагч бүсгүй маань охиноо аавтай нь уулзуулах дургүй агаад монголд ирэхээрээ багш болон буудлагын зарим нөхөдтэйгээ уулзаад л сэмхэн буцдаг гэх юм билээ.    

Д.Гэрэл

.