Занданшуулсан шарилыг зарах гэж байсан Д.Энхтөрийг өнөөдөр шүүнэ
2015/05/12
Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэсэн гэх Д.Энхтөрд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Д.Энхтөрийг Эрүүгийн хуулийн 129.1 дэхь зүйл ангийг үндэслэн өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүх хурал болж байна. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.
Д.Энхтөр нь 2014 оны аравдугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байсан юм. Улмаар 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан юм.