Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид болон зарим тамирчид нэгдэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоог шинэчлэх түр хороог байгуулж Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан. Шаардлагад : “Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.” гэсэн байлаа.  Үүнээс гадна ёс зүйгүй авирласан, санхүүгийн тайлангаа тавиагүй,  медаль худалдаж авсан, Монгол улсын нэрийн өмнөөс  Казакстан хүнийг шагналын тавцанд зогсоосон зэрэг асуудлыг уг шаардлагадаа дурьдсан.  Тэгвэл  энэ асуудлуудад  өнөөдөр Монголын  чөлөөт бөхийн холбоо албан ёсоор мэдээлэл хийлээ.  Уг мэдээлэлд  МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, МЧБХ-ны ЕНБД О.Баянмөнх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш,  МЧБХ-ны НБД, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр нар  өнөөдөр  сэтгүүлчдэд  хандан  хэвлэлийн бага хурал хийлээ.  Энэ үеэр  МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос цөөн зүйл тодрууллаа.  

- Таныг багш, дасгалжуулагч тамирчдыг  байнга дарамталдаг, ёс зүйгүй авирладаг гэсэн.  Энэ талаар?

- Би ганц ч удаа айлгаагүй, дарамтлаагүй.  Би утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Чөлөөт бөхийн  бэлтгэл дээр очоод дарамталдаг гэсэн тийм юм байхгүй. Шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гэдэг.  Спорт чинь өөрөө маш их тэмцэл дунд явдаг.  Би адилхан тамирчин  хүн.  Би юу гэж  өөрийнхөө тамирчинг барилдахад нь “Ална шүү П минь”  гэж дарамтлаад зогсох юм бэ? Аль болох  ирлэнэ ш дээ. Бид нар аль болох  тамирчинг  бие, сэтгэлийг нь дэмжээд туслаад  явдаг.  Дасгалжуулагч буруу юм ярьсан. Үүнд бага зэрэг гомдсон.

- Казакстан хүн Монголын шагналыг  авсан гэсэн үүн дээр?

- Казакстан хүн бишээ.  Сирэнбек гээд Баян-Өлгий аймгаас ирсэн Монгол улсын иргэн хүн. Би өчигдөр  иргэний үнэмлэхнийх нь зургийг авсан.  Яагаад Монгол хүнийг Казакстан хүн гээд байгаа юм бэ? Цөөнхөө бид дэмжих ёстой. Монголын төлөө гээд явж байгаа хүн. Тэмцээний  албан ёсны бичигт Монголын эрэгтэй багийн ахлах гээд  орсон байгаа. Үгээ бодож хэлэх хэрэгтэй. Монгол улсын төлөө сайн сайхнаа зориулаад явж байгаа энэ хүн эмзэглэсэн байна лээ.

- Хүүхэн зарсан  асуудал мөн яригдаж байсан?

- Тийм юм байхгүй.

- Монголын гурван тамирчин  тэмцээнд оролцож чадаагүй нь  яг хэний буруу вэ?  Үүнийг тайлбарлавал?

- Процетурын алдаа гарсан нь үнэн. Энэн дээр холбоо арга хэмжээгээ авна.  Энэ бол 2  талтай асуудал.  Визний асуудал байгаагүй.  Үүнийг  шалгадаг газраар нь шалгуулж хамтдаа явж болно.  

- Санхүүгийн тайлангийн хувьд?

- МЧБХ-ны санхүүгийн албаныхан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөн төсвөөс орж ирсэн 200 сая төгрөгийг тусгасан байгаа. 2013, 2014 оны санхүүгийн тайланг танилцуулсан байгаа. Спорт хороодоос ирсэн тайлангууд ирдэг. Тайлангийн хурлын дараагаар “Алдар” клубын талаас манай тайлан тусгагдсангүй гэсэн шалтгаанаар засвар орсон. МЧБХ-ны санхүүжилтын 40 хувь тэмцээн уралдаан зарцуулдаг. Хэрэв хүсвэл Аудитын шалгалт оруулж болно гэсэн юм.

- Таныг гүтгэсэн  гэдгийг та түрүүн хэлж байна.  Цаашид яах вэ?  

Хуулийн байгууллагад  хандах болно.  Шаардлаган дээр  олон удаа гүтгэсэн байсан.  үүнийг хуулийн дагуу шийдүүлэх болно.

Их аварга Д.Дагвадорж тус хобооны ерөнхийлөгчөөр сонгогдоод 2 жилийн хугацаанд Ази тив, улс, олон улсын чанартай өргөн цар хүрээтэй томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, төр засгийн оролцоогүйгээр бүхий л хөрөнгө санхүүжилтийг шийдсээр ирсэн нь бага хугацаанд хийсэн ажлынх нь үр дүн, томоохон гавъяа бөгөөд үүнийг ойрын үед манай улсын тамирчдын үзүүлсэн амжилт, хувцас хэрэглэл, хангамж бэлтгэл сургуулилт зэргээс бэлхнээ харагдана гэв.

Монголын чөлөөт бөхийн  холбооны  хувьд санхүүгийн тайлангаа гаргаж үзүүлье гэхэд үздэггүй.  Тэгсэн хэрнээ хэлсэн үг,  хийж байгаа үйлдлийг гуйвуулсан гэдгийг  МЧБХ-ныхон мэдэгдэж байлаа.