Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэргээр Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ
2015/05/21
Дөрвөн настай охин О-г төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар нь хөнөөсөн хэмээн буруутгагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэднийг шүүх хурал өнөөдөр буюу Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд нээлттэй болно.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Ингэснээр прокурорын газраас Г.Маралмаад 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн байна. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/05/21
yuu ve 5 han jiluuu mongol sonoj bga ym bna