Цахилгаан тасарсны улмаас ЗЦГ ачаалалтай ажиллажээ
2015/05/25
Өчигдөр өглөө буюу 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ням гарагт буюу 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08.20 минутаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа 170 гэрлэн дохио бүгд унтарсан байна. Үүний дотроос нилээд ачаалал авсан буюу 08.20-оос 09.40 хооронд Энхтайаны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1-4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн хөдөлгөөнийг зохицуулж ажиллажээ. Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15.20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалал авсан. Улаанбаатар хотын авто замыг 100 % гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчийн хүчээр 20%-ийг нь хяналтандаа авдаг үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.