“Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүд, “Улаанбаатар Буян” компанийн хамт олон уламжлалт Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд “Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олон ирж хүүхэд багачуудтай нийлэн уламжлал болсон “Шилдэг хүүхэд” шалгаруулах уралдаанаа дүгнэн үеийн найз нараасаа сурлага хөдөлмөр, сахилга батаараа шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. Уралдаанаа дүгнүүлж хагас жилийнхээ хичээл зүтгэлийг үнэлүүлж, сурсан мэдсэн зүйлээ ах эгч нартаа тайлагнан хөгжилдөж баярын бэлэг чихэр, жимсэнд бялхсан хүүхэд багачуудын инээд хөөр дүүрэн байлаа. Ирээдүйдээ итгэлтэй баяр хөөр дүүрэн шилдэг хүүхдүүдтэйгээ болон багш нартай нь уулзаж баярын сэтгэгдэлийг нь хуваалцлаа.
“Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх Нийгмийн ажилтан Ц. Түвшинтуул: -Бидний үйл ажиллагаанд болон хүүхдүүдэд маань тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг хамт олон, хувь хүмүүст болон “Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олонд баярын мэнд хүргээд баярлаж явдгаа илэрхийлж байна.”Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олон манай төвтэй хамтран ажиллаад 7 жил болж байна. Хүүхдүүдийн амьдрах орчин, бие бялдар сэтгэхүй хөгжүүлэхэд анхаарал хандуулаад зогсохгүй хүүхдүүдийн маань сурлага хүмүүжилд санаа тавьж байдагт бид баярладаг. 2011 оноос эхлэн “Шилдэг хүүхэд” шалгаруулах уралдаан зарлаж жилд хоёр удаа дүгнэж хүүхдүүдээ урамшуулаад одоо тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ уралдааныг явуулж эхэлсэнээс хойш хүүхдүүдийн маань сурлагын амжилт тэр тусмаа дүү нараа асран хүмүүжүүлэх тэднийхээ хичээл сурлага, ариун цэвэрт тавих анхаарал эрс сайжирсан. Манай төвд одоогоор 4-20 насны нийт 50 хүүхэд хүмүүжиж байна. Ахлах ангийн хүүхдүүд нь дүү нараа хайрлан халамжилж хоорондоо маш эвтэй яг л төрсөн ах дүү шиг өсч хүмүүждэг. Энэ удаагийн уралдаанд Шилдэг сурагчаар Б. Алтангэрэл, Б. Номин, Шилдэг оюутнаар Б. Ариунтунгалаг, Б. Азжаргал нар шалгарч баяраа тэмдэглэж байна даа. Хүүхдүүд маань тэр болгон бэлэн мөнгөөр өөрсдийн дуртай зүйлээ худалдан авах боломжгүй байдаг учраас мөнгөн шагнал авахдаа маш их баярладаг. Тэгээд л шагналаа аваад өөрсдийнхөө хүссэн зүйлийг худалдаж авдаг юм.
“Шилдэг хүүхэд” Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагч Б. Алтанцэцэг: -Шилдэг хүүхэд болсондоо маш их баяртай байна. Энэ уралдаанд би ганцаараа түрүүлсэн биш хариуцсан дүү нар маань их сайн байсан учраас түрүүлсэн гэж бодож байна. Дүү нар маань бүгдээрээ миний үгэнд сайн орж гэрээ сайн цэвэрлэж өөр өөрсдийнхөө хичээлийг сайн хийж бүгдээр хамтдаа түрүүлсэн. Тэгэхээр дүү нартаа бас баяр хүргэж хайртай шүү гэж хэлмээр байна. Одоо шинэ жилийн баяраар шалгаруулах уралдаандаа дахин түрүүлэхээр хичээцгээнэ. Хүүхдүүд бидний төлөө анхаарал тавьж байдаг “Улаанбаатар Буян” компаний ах эгч нартаа баярлалаа.
“Шилдэг оюутан” Улаанбаатар эрдэм Их сургуулийн оюутан Б. Азжаргал: -Би 2000 онд Вербист төвд ирсэн. Миний төлөө аав ээжээс өөрцгүй хайрлаж халамжилж байдаг багш нартаа маш их баярлаж явдаг. Мөн бидэнд хичээл номдоо сайн суралцаж, сайн хүн болох итгэл найдвар өгч байнга тусалж дэмждэг “Улаанбаатар Буян” компанийн ах эгч нартаа баярлалаа. Зовлон тохиолдсон хүмүүст сайн үйл хийж байдаг ах эгч нар шигээ хүн болгонд чин сэтгэлээсээ тусалдаг, зааж чиглүүлдэг хүн болохын тулд нийгмийн сэтгэл судлалын ангийг сонгосон. Би цаашид хичээл сурлагадаа улам их амжилт гаргана гэдгээ Буян компанийн ах эгч нартаа болон багш нартаа амлаж байнаа.
“Шилдэг оюутан” Техник технологийн коллежийн оюутан Б. Ариунтунгалаг: -Би энэ шагналыг хоёр дахь удаагаа авч байгаадаа маш их баярлаж байна. Анх 2011 онд шалгарч байсан. Оюутан болсон ч гэсэн уралдаандаа түрүүлж дүү нартаа үлгэр дууриалал үзүүлэхийн төлөө хичээлдээ шамдан суралцаж өөртөө тавьсан зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Хүүхдүүд бидэнд байнга сэтгэл тавьж байдаг ах эгч нартаа баярлалаа. Манай төвийн хүүхдүүд энэ уралдаанд түрүүлж шилдэг хүүхэд болохыг хүсч бүгд хичээдэг. Уралдаан маш өрсөлдөөнтэй болдог. Би сургуулиа сайн төгсөөд дээд сургуульд орно. Бүх хүнд эрүүл, сайхан хоол сэтгэлээсээ хийж өгдөг хүн болно.
“Улаанбаатар Буян” ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан захирал Д. Мөнхнасангаас тодруулга авлаа.
-Хүүхдийн баярын уламжлалт арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
-Бид өнөөдөр Вербист төвд ирж хүүхдүүд маань шинээр сурсан дуу, бүжгийнхээ дээжээс ах эгч нартаа үзүүлж, хамтдаа баярлаж байна. Манай хоёр байгууллага 2009 оноос эхлээд л хамтран ажиллаж байгаа. Хүүхэд болгоны хүсэн хүлээдэг баяруудаар хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай болсон. Одоо бас нэлээд олон жил боллоо. Үйл ажиллагаа маань тогтмолжиж, хүүхдүүдтэйгээ их дотно болжээ. 2011 оноос эхлэн хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилд анхаарах, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн турш тогтмол үргэлжлэх “ Шилдэг хүүхэд” уралдааныг зохион байгуулж Хүүхдийн баяр, Шинэ жилээр дүгнэж шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байна. Бид хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тав тухтай тохилог эрүүл орчинд сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Цаашдаа хүүхдүүдээ их дээд сургуульд суралцуулах, ажлын байраар хангах зэрэг олон ажил төлөвлөсөн. Бидний хамтын ажиллагааны гол зорилго бол эх орондоо ихийг хийж бүтээх эрдэм боловсролтой, мэдлэг мэргэжилтэй, эрүүл иргэнийг нийгэмд бэлтгэх юм.
Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа авъяас чадварыг нь нээн хөгжүүлж эрүүл чийрэг, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэхийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.
-Чандарлаж оршуулах хэлбэрт хандах олон нийтийн хандлага ямар байдаг вэ?
“2004 онд анх нийт нас баралтын 20 хүрэхгүй хувь нь чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол жил ирэх тусам энэ хувь хэмжээ өсч одоо 40 хувь нь бурхан бологсодоо чандарлаж оршуулж байна. Оршуулгын энэ хэлбэрийн давуу талыг иргэд ойлгож байгаагийн илрэл гэж хэлж болно. Байнгын уншлага номтой, харуул хамгаалалттай газар хайртай хүнийхээ дурсгалыг мөнхжүүлнэ гэдэг тэр хүний төлөө хийж байгаа хамгийн их буян.
Бурхан болсон хүнд, түүний төрөл төрөгсдөд сайнаар нөлөөлөөд зогсохгүй нийслэлийн хүн амын эрүүл амьдрах орчин, байгаль экологи, газар эдэлбэр гээд нийгмийн олон талын ач холбогдолтой.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 400 орчим га талбайг оршуулганд зарцуулахаас урьдчилан сэргийлж, түүнээс үүдэлтэй иргэдийн эрүүл мэнд, байгаль экологид учруулж болох асар их хохирлыг таслан зогсоосон. Ингээд үзэхээр Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод оршуулгын энэ хэлбэр нийгмийн хэрэгцээ болж байгааг харуулж байгаа юм. Ер нь чандарлахыг оршуулах хэлбэр гэхээсээ илүү оршуулахын өмнөх зан үйл гэж үзэх нь хамгийн зөв. Учир нь шарилыг чандарлаад бурхан болоочид хамгийн сайн, байгаль орчинд аюулгүй ямар ч хэлбэрээр оршуулах боломжтой болно гэсэн үг.