“Оргил” рашааны ундаргаас 30м-ийн зайд барилга барьж байна
2015/06/03
Нийслэл хотын өмнөд хэсэгт Туул голын хойд хэсэгт усны хайгуулынхан 1932-1933 онд газар өрөмдөхөд 90 метрийн гүнээс исгэлэн ус ундарч гарснаар рашааны ордыг анх илрүүлсэн нь өнөөдрийн Оргил рашаан сувилал байгуулагдах үндэс болсон байдаг. Улмаар 1974 оны сүүлчээр 300 ортой одоогийн Оргил сувиллын байр ашиглалтанд орж өнөөдөо жилдээ 10 000 гаруй хүнд үйлчилдэг болсон. Рашааныг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус газар хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг тогтоосон байдаг. Тэгвэл өнөөдөр эрүүл ахуйн бүсэд буюу Оргил рашааны ундаргаас 30 м-т барилга барих гэж байна. Газар шорооны ажил хийгдэж байгаа тус барилга баригдвал Оргил рашааны чанарт өөрчлалт орж, эмчилгээний чанараа алдах юм. Үүнээс гадна уг рашаан ширгэх аюултай юм.
Рашааныг ширгэх эрсдэлд оруулаад байгаа уг газарт 280 хүүхдийн сургууль барих гэнэ. Зөвшөөрлийг нь Г.Мөнхбаяр 2010, 2012 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа олгосон байх юм. Өөрөөр хэлбэл тус барилга зохих журмын дагуу бүх зөвшөөрлөө авсан ч энэ нь усны тухай хуулийг зөрчин олгогдсон байдаг
Оргил рашаан нь нүүрсхүчлийн хийтэй, сул хүчиллэг орчинтой, геохимийн исэлдэх төлөвтэй, гидрокарбонат, кальци-магнийн найрлагатай, сул эрдэсжилттэй, төмөр, цахиур, лити, стронци, цези, манган, цайр зэрэг биологийн идэвхит бичил элэментүүдийг агуулсан хүйтэн рашаан юм. Хүний биед тустай уг рашаанийг хамгаалахын төлөө өнөөдөр Оргил рашаан сувилалынхан эсэргүүцэж байгаа. Чоно борооноор гэдэг шиг бүх нийтийг хүүхдийн баярт анхаарлаа хандуулж байхад барилгын ажлыг эхлүүлсэнг зогсоохын төлөө өнөөдөр Хотын мэр Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа