Улс орон даяар “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт  сургалтыг ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс шат дараатай зохион байгуулж байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр эл сургалтыг хангайн бүсийн зургаан аймгийн дунд зохион байгууллаа. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган, Архангай гэсэн аймгуудын Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, аргазүйчид болон биеийн тамир спортыг хөгжүүлэхэд уялдаатай ажиллах бусад төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 70 гаруй хүнийг хамрагдлаа. Энэ удаагийн сургалтын багт БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг, БТСХТ-ийн НБТСХХ-ийн Бие бялдрын сорил, стандарт хариуцсан мэргэжилтэн О.Баасан, БТСХТ-ийн БТСЭШСХ-ийн Спортын сэтгэл судлал хариуцсан эрдэмтэн судлаач, Ph.D Ш.Долгор, БТСХТ-ийн САУА-ны Их эмч Д.Өлзийсүрэн, БТСХТ-ийн ҮШБА-ны Зуны төрлүүд хариуцсан мэргэжилтэн Ш.Баясгалан, БТСХТ-ийн НБТСХХ-ийн Статистик, шагнал урамшуулал, спортын цол зэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа нарын албаныхан багтсан байна.

Сургалтаар Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, чиглэлийг нэн тэргүүнд оролцогчдод танилцууллаа. Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлогын хувьд илүү өргөн цар хүрээг хамрах болсон. Хүн амыг нийтийн биеийн, спортоор дамжуулан эрүүлжүүлэх бүрэн бололцоотой гэдгийг нэгэнт шинжлэх ухаан тогтоосон. Тиймээс төрөөс энэ чиглэлд ихээхэн анхаарч, төрийн байгууллагууд бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэхийн тулд уялдаа холбоогоо сайжруулах ажиллахыг чухалчилж байна. Учир нь эл чиглэлийн нэг арга зүйч, нэг биеийн тамирын багшид ноогдох хүн ам, сурагчдын тоо үнэхээр харьцангуй байгаа юм.  Нэг багшид 436 сурагч оногдож байх жишээтэй. Ийм учраас бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байж үр дүнд хүрэх ёстой гэж үзсэн байна. Тухайлбал, тухайн аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарууд хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг аж. Энэ бүгдийг холбож, улядаа холбоог бодлогын хүрээнд чиглүүлэх үүрэг ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай шууд холбоотой учраас тус төв жил бүр судалгааны өргөн далаацтай ажлуудыг хийж, түүнийгээ орон нутгийн мэргэжилтнүүдээр дамжуулан нийт хүн амд хүргэх зорилтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутаг дахь багш, дасгалжуулагчийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээллээр хангайн бүсийнхнийг хангалаа. Ингэхдээ спортын анагаах ухааны талаар суурь мэдлэг олгохыг чухалчилж байна. Дасгалжуулагчид тамирчдаа бэлтэл сургуулилтад хамруулахдаа тухайн хүний бие организм, түүний дасах, дасгалжих хугацаа, нормативь, амжилтын коппицент зэргийг спортын анагаах ухааны үндсэн дээр тулгуулан бэлтгэж байхын чухлыг хэлж байв. Ингэснээр тухайн тамирчин бие бялдрын хувьд эрүүл, сэтгэл санаа өөдрөг, тэмцээн уралдааны үед хүчний хуваарилалт, тэсвэрийн чанар өндөр байдаг байна. Нөгөө талаар Үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын хүрээнд орон нутгийн багш дасгалжуулагчид өөрийн тамирчнаа хэрхэн хамруулах, ямар шалгуур үзүүлэлт, амжилт гаргасан байх шаардлагатай талаар нэгдсэн нэг ойлголттой болж байна. Тухайн аймгийн шигшээ багийг хэрхэн бэлтгэх, түүнд аймаг орон нутгийн удирдлагууд,, төрийн байгууллага, салбар хороодоос ямар хэмжээний дэмжлэг үзүүлэх боломж байдаг хийгээд, бусад аймгуудийн сайн туршлагыг энэ үеэр сонирхуулав.

Хангайн бүсийн сургалтыг зохион байгуулж буй Архангай аймагт Спортын сургалттай, дунд сургууль ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энэхүү сургууль нь хичээлийн байр, гурван спорт зал, 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байр, цайны газар, саун, дүш, гүйлтийн талбай гээд спортын төрлүүдээр хичээллэх бүхий л талын бололцоог бүрэн хангаснаараа онцлогтой аж. Сургуулийн төсөвт өртөг тав гаруй тэрбум төгрөг болжээ. Дотуур байрны хувьд олон улсын стандартын хүрээнд нэг хүүхдэд ногдох зай талбайг бодолцож, нэг өрөөнд дөврөн сурагч байрлахаар барьсан. Гэвч орон нутгийн нөхцөл байдал, спортоор хичээллэх хүүхдийн тооноос хамаарч 200 хүртэлх хүүхдийг байрлуулах боломжтой талаар Архангай аймгийн БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар хэлэв. Эл сургууль цаашид дан ганц Архангай бус хангайн бүсийн спортод хайртай хүүхэд бүрийн эрдмийн, их спортын гараа болох бүрэн бололцоотой учраас сургалтад оролцсон аймгуудын хувьд сургалт, бэлтгэлийн бааз суурь болж болохыг энэ үеэр онцоллоо.

Сургалтын хоёр дахь өдөр Биеийн тамир, спортыг өдөр тутмын хэрэглээ болгох талаарх сургалтад оролцогчид хамрагдав. Хүн амын дунд таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин, хорт хавдраар өвчлөх зэрэг нь жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Нийт хүн амын 15,6 хувь нь биеийн тамир спортоор хичээллэж байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 40 минутын эрчимтэй хөдөлгөөн хийхийг уриалж байгаа юм. Манай орон Номхон далайн бүс нутагт хамаардаг бөгөөд энэ бүсдээ дээрх өвчлөлүүдээр дээгүүрт орж байгаа нь бид анхаарах цаг аль хэдийнэ болсныг сануулж буй хэрэг. Хүнийг хүчээр биеийн тамир, спортоор хичээллэ гэж шаардах эрхгүй учраас иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан биеийн тамир, спортод татан оролцуулахын чухлыг БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг онцолж байв. Ингэхдээ тухайн хүн гүйх дуртай бол тэр тал дээр, дугуй унах дуртай бол дугуйгаар дамжуулан идэвхжүүлэх хэрэгтэй байдаг байна. Тиймээс хангайн бүсийнхэнд хүн бүрийг эрчимтэй хөдөлгөөн, их спортоор хичээллүүлэхийн төлөө ажиллахаас илүүтэй нэг гэр бүлд биеийн тамир спортыг нэвтрүүлэе уриан доор үйл ажиллагаагаа чиглүүлбэл үр дүнтэй гэдгийг санууллаа. Тухайн гэр бүлд нэг л хүн биеийн тамир, спортоор хичээллэбэл гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө, хамт олондоо үлгэр дууриалал үзүүлдэг байна. Энэхүү нөлөөлөл нь нийт хүн амын дундах биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог өсгөх, хүн амыг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Сургалтын талаар БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалагаас дараах асуултад хариулт авлаа.

Ж.Тунгалаг: Төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал

 

-“Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг танай төвөөс бүсчлэн зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

 

-Бид энэ жил нийтдээ дөрвөн бүсэд сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд гурав дахь бүсдээ сургалтаа амжилттай зохион байгууллаа. Орон нутгийнхан маань мэдээллээс хол, тэр бүр хотод очоод биднээс заавар зөвлөгөө, мэдээ мэдээлэл аваад байх бололцоо бага, өртөг зардал өндөр байдаг. Тиймээс орон нутагт байгаа энэ салбарын багш дасгалжуулагч, аргазүйч, холбогдох салбарын мэргэжилтнүүдийг газар зүйн байрлалаар нь бүсчлэн аль нэг аймгийг нь сонгож бид мэдээ мэдээллийг өгч байгаа юм. Мөн манайх хуучин хэлтэс байсан бол шинэ бүтцээр өөрчлөгдөж төв болсон. Тиймээс төвийн үйл ажиллагаа, салбар, хэлтсийн үйл ажиллагааг орон нутгийнхандаа сурталчилан таниулах, төвтэйгээ хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар орон нутгийнхан маань бүрэн дүүрэн мэдээлэлтэй болж авч байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагаанд ихээхэн тус дэмтэй гэж ойлгож болно. Бид бүсийн сургалтыг хийхийн тулд бүтэн жил бэлддэг. Олон төрлийн гарын авлагыг судалгаа, шинжилгээ харьцуулалтын үндсэнэ дээр бэлтгэж гаргадаг. Тухайлбал, биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлт өөрчлөлт гарав, олон улсын холбогдох байгууллагуудаас ямар санал, зөвлөмж гарав, үйл ажиллагааны хувьд цаашид хэрхэн явах вэ гэх гарын авлагуудаар орон нутгийнхыгаа хангаж байгаа юм. Нөгөө талаар хил залгаа, ойролцоо аймгуудын багш дасгалжуулагчид нэг нэгнээсээ туршлага судлах, бүсээрээ хамтарч ажиллах, тухайн жилийнхээ үйл ажиллагааныхаа чиглэл, зааврыг авах гээд тал бүрийн ач холбогдолтой.

 

-Орон нутаг дахь биеийн тамир, спортын салбарт гарч буй өөрчлөлт юу байна вэ?

 

-Ер нь сүүлийн жилүүдэд манай салбар ихээхэн шинэчлэгдэж, залуужсан байна. Тиймээс тэдэндээ чиглэсэн давтан сургалтыг өгөх хэрэгтэй байна. Практик мэдлэг боловсролыг нь олгох хэрэгтэй байна. Өмнө жил сургалтад хамрагдсан хүн маань энэ жил ажлаасаа гарчихсан байх жишээтэй. Тиймээс сургалтад хамрагдсан хүмүүс маань өөрсдийн сурч мэдсэнээ орон нутгийнхандаа очоод хуваалцах, тэднийгээ уриалах үүргийг давхар хүлээдэг гэдгийг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар шийдвэр гаргах түвшний, удирдлагын хэмжээний төлөөлөл бидний сургалтад хамрагдах хэрэгтэй юм. Тэгж байж энэ салбарын ажил бодлогын хэмжээндээ цаашид амжилттай явна. Ер нь биеийн тамир, спортын салбарын орон нутгийн төсөв бага. Мөн боловсон хүчний орон тоо цөөн. Тиймээс бид тухайн орон нутгийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хөгжлийн газрууд, аймгийн ЗДТГ зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллахыг жилээс жилд шаардаж байна. Энэ уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх нь бидний хувьд маш чухлаар тавигдаж байна. Ер нь хүний эрүүл мэндийн болоод, сэтгэл санааны хувьд эрүүл байх цаад суурь үндэс, зөв хүн болон төлөвших, нийгэмдээ дасан зохицох чадварыг биеийн тамир, спорт л олгодог. Энэ бүхнийг бид ойлгож, эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг нийгэм маань шаардаж байна.