Хилээр соёлын өв, чонын арьс, чулуу зэргийг хууль бусаар гаргах гэж байжээ
2015/06/05
Монгол улсын хил дээр зөрчил гарсаар байна. Тухайлбал, Ховд аймаг дахь Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын иргэн Д “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд 2015 оны зургадугаар сарын 2-ны өдөр Булган боомтоор БНХАУ руу автомашины дээд талын таазанд давхар төмөр гагнан нуувч хийж, 19 ширхэг чонын арьс, 12 килограмм цагаан өнгийн чулууг нуун хил давуулахыг завдсан гэмт үйлдлийг хилчид илрүүлсэн байна.
Үүнээс гадна Өмнөговь аймаг дахь Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг Гашуунсухайт боомтоор Монгол Улсын иргэн М нь тээврийн хэрэгсэлд нуугдан хил зөрчсөнийг хилчид илрүүлсэн байна.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын иргэн О нь улсын хилээр хууль бусаар 1134 ширхэг тарваганы арьс, 303 хэсэг бугын цусан эвэр, 10 ширхэг сонин хэлбэр дүрс бүхий чулууг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүллээ.
Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын иргэн Г нь арслан зааны соёо /урт 80 см үзүүр хэсэг тойргийн урт 42 см/, эмэгтэй хүний үсний даруулга хоёр ширхэг, сам нэг ширхэг /шүр болон номин шигтгээтэй мөнгөн суурин дээр сувд хэлхсэн/, “Богд далай ламын цадиг” хэмээх /уйгуржин монголоор, бийрийн уран бичлэгээр 27 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн 25*25 см харьцаатай судар ном 1 ширхэг/ эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид илрүүллээ.
Уг хэргүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн өдгөө шалгаж байгаа ажээ.