Жүжигчин О.Цэнгэл хөгжлийн бэрхшээлтэй залууд амьдрал бэлэглэжээ
2015/06/05
Жүжигчин СТА Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар одоогоос долоон жилийн өмнө "Сайн уу, амьдрал минь" уран сайхны кинонд хайртай хосуудын дүр бүтээж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 03-нд нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн "Эр хүн болгож өгөөч" кинонд мөн л дурлалт хосуудын дүрийг бүтээжээ. Харин энэ удаад О.Цэнгэл хайртай залуудаа амьдрал бэлэглэдэг юм.
Уг киноны талаар товчхон өгүүлэхэд, Өлзий хэмээх өрхийн тэргүүнтэй баян айлын амьдрал хэрхэн өрнөх талаар гарна. Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй, хэлгүй, тэргэнцэр дээр байнга байдаг нэгэн “мануухай” болов. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусыг эс олж, арга мухардсан байдаг.
Ээж Мэндээ нь ганц хүүгээ хүний дайтай хүн болгохсон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж, өндөр цалинтай ажлын санал тавин, “Бүтэн жил гэрт хүүд минь хань болж, хүүхэд төрүүлж өг” хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амална. Тэднийд ирсэн хүүхнийг Наран гэдэг бөгөөд ажлын саналыг ашигтайгаар харж, олзуурхан хүлээн авч хөгжлийн бэрхшээлтэй залуу Батаатай нэг өрөөнд хамтдаа амьдарч эхэлнэ дээ. Хүүг нь хөл дээр нь босгож, хэлд оруулах үүрэгтэй Наранд юу эс тохиолдох билээ. Хүүгийн эцэгт элдвээр хэлүүлж, хараалгасан тэрбээр гэрээс нь хөөгдсөн ч хүүд нар харах хувь заяа амьдрал бэлэглэсэн ачтан болдог. Киноны үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг та театрт очиж үзээрэй...
Д.Ана