“Эрэл” компанийн эзэнээс “Эрэл нам”-ын дарга, “Эрэл компани”-ийн сайд болсон улс төрч Б.Эрдэнэбатын сүүлийн үед нам гүм байгаа билээ. Цагтаа Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Бадарчийн Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна.

2008 оны сонгуулийн өмнөхөн Б.Эрдэнэбат сайдын талаар маш ноцтой баримтууд дэлгэгдэж байлаа. Түүнийг сайдын ажлаа хүлээлгэж өгөх өдрөө тушаал гаргаж, хагас тэрбум төгрөгний үнэтэй орон сууцаар ажилчдаа шагнасан. Мөн 10,8 тэрбум долларын өртөгтэй том тендрийг Хятадын талд дур мэдэн ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэрэгт буруутгаж, Авилгалтай тэмцэх газар шалгуулахаар болсноо нэр бүхий сайд нар сүр дуулиантай мэдэгдэж байв. Түүнийг улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугидаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж  бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй юм гэнэлээ.

Монголын тэргүүн 10 баячуудын 6-д эрэмбэлэгдэнэ...

Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Гэвч их савны ёроол хоосонгүй нь лавтай. 

Энэ түүний нэг орд харш нь юм гэнэ лээ... 

Тэрээр ажилчдынхаа цалинг хүртэл өгч чадахгүй “гонжирж” яваа сурагтай. Б.Эрдэнэбатын компанид ажилладаг нэгэн ажилчин нь оны өмнөхөн гурван сарын цалингаа аваагүйдээ бухимдан цахим хуудаснаа ийн бичжээ. “Хүний хүч хөдөлмөрөөр ашиг орлого олдог бол Эрэлийн Эрдэнэбат гуай ажилчдынхаа цалинг өгмөөр байна. Одоо бараг 3 сар цалингийн бараа харсангүй ээ таны ажилчид. Шинэ он гарах гээд ар гэр амьдралаа залгуулж байгаа олон хүмүүс байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үнэгүй хөдөлмөр эрхлүүлж боол мэт үзэж байгаа таны энэ үйлдэл яавч зохимжтой биш” хэмээн аргаа барж бухимдлаа илэрхийлжээ. Тэгвэл одоог хүртэл ажилчдынхаа цалинг бүтэн хагас жил гаран өгөөгүй байгаа ба бүр сүүлдээ "хүлээж бай өгнө л гэсэн бол өгнө, хүлээж чадахгүй нь өргөдлөө бичээд гарч болно, Шүүхдээд мөнгөө аваарай" гэжээ...

Аргаа барж өрөнд баригдсан ядарсан ажилчид нь хийсэн хөдөлмөрийнхөө цалин хөлсийг авхын тулд түүний аяыг дагахаас өөр замгүй болоод байгаа гэнэ. Яг л нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхнэ гээч нь болоод байх шиг...

Монгол түмний баялгаар олон жил гэдсээ борлуулсан эрхэм та орд харшаасаа гарч олон ядарсан хүмүүсийн ядаж хийсэн ажлынх нь хөлсийг өгөөч гэж гэртээ гэдэс нь хонхолзон эцэг эхээ хүлээх бяцхан үрсийнх нь өмнөөс гуйя...

Photonews.mn