- Цаг агаарыг урьдчилсан мэдээлэх нь иргэдийн аюулгүй байдал амьдралын хэв маягт өндөр ач холбогдолтой байдаг. Гэтэл ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн тоног төхөөрөмж хоцрогдож шинэчлэх шаардлагатай болсныг онцолж байна. -

Цаг агаарын мэдээ элдэв гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад гол үүргийг гүйцэтгэдэг. Үүний тулд Монгол улсын нутагт 9 ширхэг радар байрлуулах ёстой. Ингэснээр нийт нутагт гамшигт үзэгдэл болох үгүйг урьдчилан мэдэх боломжтой болох юм. Харин манай улсад ганц л радар байдаг.

Тодруулбал,  Морингийн даваа дахь радар хааш хаашаа 300 км-ийн зайд цаг агаарыг урьдчилан тооцоолдог.  “Хол”-ын аймаг болох Хөвсгөл, Увс,  Дорнод,  Баян-Өлгийд гамшигт үзэгдэл болох байсан ч урьдчилан хэлж чадахгүй гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн жил Архангай аймгийн Хашаат суманд болсон гамшигт үзэгдлийг онцгой байдлын газарт урьдчилан мэдээллээгүйн улмаас багагүй хохирол учирсан гэдгийг тус газрын  дарга хэлж байсан удаатай.  

Дэлхийн дулаарал, цаг уурын эрчимтэй өөрчлөлт дунд хамгийн тулгамдсан асуудал радар болжээ. Асуудал үүгээр дуусахгүй. Цаг уурын нөхцөл байдлыг тооцоолдог супер хэмээх компьютерын хард дүүрсэн. Багтаамж нь дүүрсэн компьютерын ажиллах чадамж мууддаг. Ингэснээр цаг агаараа бид урьдчилан тооцоолж чадахаа болино гэсэн үг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд супер компьютерийг 1 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авна. Үүн дээрээс нэмээд  9 радар худалдаж авч болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай.  Нэг радарыг 12 тэрбум төгрөгийн үнэтэй.  9 радар 108 тэрбум төгрөг, нэг супер компьютер нийлээд  109 тэрбум төгрөгөөр yг салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа